Пакистан улс Афганистанд хариу агаарын цохилт өгчээ

Пакистан улс Ням гаригт (2026.06.28) Афганистанд агаарын цохилт хийж, явган цэрэг илгээсэн талаар албаныхан мэдээлэв. Үүний хариуд Талибаны засгийн газар Пакистаныг “хулчгар үйлдэл” хийсэн гэж буруутгаж, цохилтыг “аймшигт гэмт хэрэг ” гэж тодорхойлсон байна. Мөн халдлагын үеэр дор хаяж 100 хүн нас барсан эсвэл шархадсан гэж Талибаны албан тушаалтан “BBC”-д мэдээлжээ.

Пакистаны мэдээллийн сайд Аттаулла Тарар хэлэхдээ, хоёр орны хил дагуух нууц байрлалуудад өгсөн цохилтоор 29 босогч амиа алдсан. Мөн энэ нь “гэмгүй хүмүүсийн эсрэг хийсэн саяхны террорист халдлага”-ын хариу гэж мэдэгджээ.

Удаан хугацааны турш тус хоёр орон нэгнээ буруутгаж ирсэн. Тухайлбал, Пакистан улс газар нутаг дээр нь халдлага үйлддэг босогчдыг Афганистан орогнуулж байгаа гэж буруутгаж ирсэн. Гэвч үүнийг Талибаны засгийн газар няцаадаг бөгөөд хариуд нь Исламабад нь энгийн иргэдийг онилсон халдлага үйлддэг гэж буруутгадаг юм. Харин Пакистан улс зөвхөн босогч, алан хядагчдыг онилдог гэж тайлбарладаг аж.

Талууд өнгөрсөн аравдугаар сард хэдэн долоо хоног үргэлжилсэн мөргөлдөөний дараа олон улсын зуучлалын тусламжтайгаар гал зогсоох хэлэлцээ байгуулсан.  Гэвч хэлэлцээ удаан үргэлжлээгүй.

Талибаны засгийн газар Ням гаригт болсон цохилтод энгийн иргэдийн орон гэр өртсөн гэж мэдэгдэж байна. Ялангуяа Пактика мужийн Мандикхел тосгоны иргэд ихээхэн хохирол амссан гэж онцолжээ. Харин Пакистаны албаныхан Афганистаны Пактиа, Пактика, Кунар мужуудад байрлах “босогчдын” нуувч руу чиглэж цохилт өгсөн гэж мэдэгджээ.

Эл өдөр болсон халдлага нь Пакистаны цэргийн хүчний Синд Рейнджерсийн гурван гишүүн Карачи дахь төв байрандаа алагдсаны дараах өдөр болсон аж. Тус улсын цэргийн байгууллагын мэдээлснээр, амиа золиослогч гурван этгээд тухайн хэргийг үйлдсэн бөгөөд баривчлагдсан дөрөв  дэх этгээд нь Афганистаны иргэн байсан. Уг аллагыг Босогчдын Техрик-е-Талибан Пакистан (TTP) бүлгийн салшгүй холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

“TTP” болон Жамаат-ул-Ахрарын эсрэг НҮБ болон Пакистан улс хориг тавьсан байдаг бөгөөд тухайн хоёр бүлэг олон удаа хил дагуу халдлага үйлдэж байжээ.

Үүнээс өмнө нь хоёрдугаар сард хоёр улсын хоорондох мөргөлдөөний улмаас хэдэн арван хүн амиа алдсан байдаг. Мөн гуравдугаар сард Пакистан улс Кабул дахь мансууруулах бодисын нөхөн сэргээх төвд цохилт өгснөөр олон зуун хүн амиа алдсан юм. Дараа нь зургадугаар сарын эхээр Пакистан улс 26 босогчийн аминд хүрсэн аймшигт агаарын цохилт өгсөн. Талибаны засгийн газар тухайн үед агаарын цохилтын үеэр 13 хүн, ихэвчлэн хүүхдүүд амиа алдсан гэж мэдэгдэж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн