Бөөрний дутагдалтай хүмүүст гахайн бөөр шилжүүлэн суулгах практик туршилтыг эхлүүлэхээ Японы венчур компани мэдэгдэв. Мэйжи их сургуулийн стартап болон АНУ-ын био фирмийн хамтарсан судалгааны баг энэхүү туршилтад оролцож байгаа аж. Улмаар тусгай мэргэжилтнүүдийн баг хүний биед нийцүүлэхийн тулд генийн өөрчлөлттэй гахайн бөөрийг ашиглахаар төлөвлөж байна.
Компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, мэс заслын аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд 2028 оноос эхлэн клиник туршилтыг эхлүүлнэ.
Уг хагалгааг Хоккайдогийн их сургуулийн эмнэлэг болон Шонан Камакурагийн ерөнхий эмнэлэгт гүйцэтгэх юм байна. Уг туршилтад оролцож буй АНУ-ын био фирм нь гахайнаас хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг туршилтын журмаар хийсэн туршлагатай гэж мөн төлөөлөгч мэдээлжээ. Уг мэс засалд орсон өвчтөнүүд хамгийн ихдээ зургаан сараас дээш хугацаанд диализ хийлгэх шаардлагагүй байсан аж.
Хоккайдогийн их сургуулийн дэд профессор Хотта Киёхико клиник туршилтын төсөлд мэс засалчаар ажиллахаар төлөвлөж байна. Тэрбээр уг хөтөлбөр нь тус улсад бөөр шилжүүлэн суулгах мэс заслын 15 орчим жилийн хүлээлгийн жагсаалтыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байгаагаа хэлсэн байна.