“Иранчууд Виткоффыг хөнгөхөн зальдана”

АНУ, Ираны хэлэлцээ өнөөдөр /2026.02.06/ Оманд үргэлжилж байна. Энэхүү хэлэлцээнд АНУ-ын талаас Трампын тусгай элч төлөөлөгч Стив Виткофф оролцож байгаа билээ.

Тэгвэл Исламын хувьсгалт гвардыг үүсгэн байгуулагч Мохсен Сазегара “Иранчууд Виткоффыг хөнгөхөн зальдаж дөнгөнө” гэж хэлэв. Тэрбээр “The Telegraph” хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Хэрвээ Иран хэлэлцээрийн ширээнд суухыг хүсч байгаа бол, за тэгээд ширээний нөгөө талд Виткофф сууж байх юм бол тэд түүнийг хөнгөхөн аргалчихна. Оросууд тэгдэг юм. Иранчууд яг 2015 оны хэлэлцээ шиг маш төвөгтэй томъёолол гаргачихсан байгаа. Тэр дотроо АНУ-ын аливаа шаардлагуудыг багтаасан мэт л харагдуулна. Трампын хувьд Барак Обамагийн хийж чадаагүй зүйлийг хийчихлээ гэж хэлүүлэх нь л чухал” гэжээ.

Мөн тэрбээр дээд удирдагч Аятолла Али Хаменеи өмнөх хэлэлцээнүүдийн үеэр баримталж ирсэн арга барилаа дахин ашиглана гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Иран гэрээг нарийн төвөгтэй ойлгомжгүй байдлаар хийгээд, сүүлд нь гомдоллох магадлалтай. “Иранчууд маш ээдрээтэй гэрээ хийдэг. Жишээлбэл, 25 дугаар заалт 43 дугаар заалттай холбогдоно гэх мэт. АНУ-ын талаас мэргэжлийн дэмжлэг байхгүй бол Виткофф юугаа ч мэдэхгүй өнгөрөх магадлалтай” гэж тэр хэлжээ.

Дашрамд дурдахад, АНУ, Ираны хэлэлцээ 20 гаруй жил үргэлжилж байгаа ч тодорхой, сайн үр дүнд хүрээгүй л байна. Хүмүүс одоо энэ хэлэлцээнээс залхаж эхэлснийг шинжээчид хэлж буй.

ЭХ СУРВАЛЖ: The Telegraph

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн