АНУ: Ираны удирдагчид ард түмнийхээ хүсэл зоригийг төлөөлдөггүй

АНУ, Ираны цөмийн хэлэлцээ энэ Баасан гаригт /2026.02.06/ Оманд болно гэж Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи хэллээ. Хэлэлцээний хэлбэр, агуулгаас болоод хоног хугацаа нь хойшилсоор байсныг мөн мэдэгдэв. Турк улс Истанбул хотод бүс нутгийн орнуудын оролцоотой хэлэлцээ зохион байгуулахаар ажиллаж байсан ч Ираны тал зөвхөн АНУ-тай хэлэлцээ хийхийг хүссэн. Үүнээс шалтгаалаад хэлэлцээний бүрэлдэхүүн болоод байршил өөрчлөгдсөн аж.

Оманд өнгөрсөн онд мөн ижил хэлэлцээ хэд хэдэн удаа зохион байгуулж байсан. Гэвч зургадугаар сард Израиль, Ираны хооронд 12 өдрийн мөргөлдөөн дэгдэж, энэ дүйвээнээр АНУ-ын хүчин Ираны цөмийн байгууламжуудыг бөмбөгдсөнөөр хэлэлцээ тасалдсан юм.

Цагаан ордны нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснээр, АНУ-ын тал Оманд болох хэлэлцээнээс төдийлөн өндөр үр дүн хүлээхгүй байгаа. Гэхдээ бүс нутгийн холбоотнуудаа хүндэтгэхийн тулд төлөвлөгөөний өөрчлөлтийг дагаж мөрдөхөөр тохиролцсон гэжээ. Өмнө нь цөмийн хэлэлцээрт оролцож байсан дипломатч асан Алан Эйр ч бас хэлэлцээ амжилттай болно гэдэгт эргэлзэж буйгаа мэдэгдсэн.

Гэхдээ Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян Гадаад хэргийн сайддаа АНУ-тай шударга хэлэлцээ хийхийг даалгасан нь Ираны хүсэл зоригийг илэрхийлнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь улс төрийн бүх чухал шийдвэрийг гаргадаг гол хүн болох Аятолла Али Хаменеи уг хэлэлцээг дэмжсэн гэсэн үг ажээ. Аятолла Али Хаменеи өмнө нь аливаа хэлэлцээг байнга үгүйсгэдэг байв. Хаменеи Тегераны улс төрийн системийг хянахаас гадна Хятад, Хойд Солонгос, Оросын удирдагчдаас ялгаатай нь Трамптай шууд ярихаас татгалздаг тул Ирантай дипломат хэлэлцээ хийх амаргүй байдаг аж.

АНУ энэ удаагийн хэлэлцээгээр зөвхөн цөмийн асуудал бус Ираны баллистик пуужин, бүс нутаг дамнасан янз бүрийн сүлжээ, байгууллагууд, ард иргэдтэйгээ харьцаж буй Ираны эрх баригчдын арга барил зэрэг өргөн сэдвээр хэлэлцэхийг хүсч буй.

Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэхдээ “Ираны удирдагчид энгийн ард түмнийхээ хүсэл зоригийг төлөөлдөггүй. Ард иргэд болоод удирдагчдынх нь хооронд тийм их ялгаа зөрүү байдаг өөр улс би лав мэдэхгүй” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: AP

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн