Иран: Оманы хэлэлцээ сайн эхлэл боллоо

АНУ, Ираны Оман дахь хэлэлцээ амжилттай болсон гэдгийг Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи хэллээ. Тэрбээр хэлэлцээний дараа төрийн телевизээр яриа өгөхдөө “Хэлэлцээчид Ираны нийслэлд дахин уулзаж, яриагаа үргэлжлүүлнэ. Энэ удаагийн уулзалт сайн эхлэл байлаа” гэсэн юм.

Яриа хэлэлцээ цөмийн хөтөлбөрөөр л хязгаарлагдана гэдгийг Ираны тал өмнө нь мэдэгдэж байв. АНУ-ын хувьд цөмийн хөтөлбөрөө царцааж, уран баяжуулахаа зогсоохыг Иранаас шаардахын зэрэгцээ баллистик пуужин, бүс нутгийн зэвсэгт бүлгүүдийн талаар ч яриа хэлэлцээндээ багтаана гэж мэдэгдсэн.

Трамп сүүлийн хэдэн долоо хоног Ираныг багагүй заналхийлж, бүс нутаг руу агаар, тэнгисийн хүчнээ илгээсэн. АНУ ямар нэг байдлаар довтолбол Иран хариу арга хэмжээ авч, Ойрхи Дорнод, Израиль дахь АНУ-ын цэргийн байгууламжуудад цохилт өгнө гэжээ. Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи санаа зовох ёстой юу гэж сэтгүүлч Трампаас асуухад “Тэр маш их санаа зовох ёстой гэж би хэлмээр байна. Тийм ээ, тэр санаа зовох ёстой” гэж хариулсан билээ.

АНУ-ын цохилт Иранд илүү өргөн хүрээтэй мөргөлдөөн эсвэл урт хугацааны эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй гэж бүс нутгийн бусад улс санаа зовниж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн