Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Японы өмнөд нутгийн Күмамото мужид өчигдөр (2026.07.28)  7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас дор хаяж гурван хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэн, өргөн хүрээний эвдрэл сүйрэл үүсээд байна. Күмамото мужийн захиргааны мэдээлснээр, газар хөдлөлтийн дараа “Aeon Mall Kumamoto” худалдааны төвд хүчтэй дэлбэрэлт болжээ. Улмаар шөнийн турш үргэлжилсэн аврах ажиллагааны үеэр найман хүнийг нурангиас гаргажээ. Тэдний дундаас 20 гаруй насны хоёр эмэгтэй амиа алдсан бол нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. Бусад таван хүн гэмтсэн ч амь насанд нь аюул учраагүй байна.

Гал унтраах, цагдаа болон Өөрийгөө хамгаалах хүчний алба хаагчид хамтран аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд тус барилгын дотороос тусламж хүссэн дуудлага ирсэн хэсгүүдэд төвлөрөн ажиллажээ. Японы ерөнхий сайд Санаэ Такаичи Токиод сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, гамшгийн хохирлыг бүрэн тогтоох ажил үргэлжилж байгааг онцлов. Тэрбээр “Олон хүн бэртэж гэмтсэн тухай мэдээлэл ирсэн. Зарим бүсэд цахилгаан тасарч, гал гарсан. Мөн зам, гүүр эвдэрч, барилга байгууламжууд нурсан” гэж мэдэгджээ.

Кюүшю аралд газар хөдлөлтийн дараах хүчтэй чичирхийлэл үргэлжилж байгаа бөгөөд эрх баригчид ойролцоогоор 300 мянган оршин суугчийг түр нүүлгэн шилжүүлэх төвүүдэд очихыг зөвлөсөн байна.

ХУДАЛДААНЫ ТӨВД ДЭЛБЭРЭЛТ БОЛЖЭЭ

Ойролцоогоор 200 дэлгүүртэй “Aeon Mall Kumamoto” худалдааны төвийн нэг тал дэлбэрэлтийн улмаас нурж, төмөр хийц нь ил гарч, машины зогсоол бүхэлдээ нурангид дарагдсан байна. Худалдааны төвийн оператор “Aeon” компани газар хөдөлсний дараа бүх үйлчлүүлэгч, ажилтнуудыг шуурхай нүүлгэн шилжүүлсэн гэж мэдэгдсэн бөгөөд дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, хий алдагдсанаас үүдэлтэй дэлбэрэлт байх магадлалтай аж.

Дэлбэрэлт болсон газраас 300 орчим метрийн зайд байрлах уушийн газрын ажилтан Казүя Цурунага “Асар хүчтэй дэлбэрэлт болсон. Их хэмжээний утаа босож, салхи манай зүг үлээж байсан тул орчин бүхэлдээ галт уулын үнс орж ирж байгаа мэт болсон” хэмээн ярьжээ.

Мөн “Nippon Paper Industries” компанийн үйлдвэрт яндан нурж, хэд хэдэн хүн сураггүй болсон талаар “NHK” мэдээлсэн байна. Аврах ажиллагааны үеэр 50 гаруй хүнийг аварсан бөгөөд тэдний заримынх нь биеийн байдал муу байгаа аж.

Барилга байгууламжууд хэсэгчлэн нурж, хэд хэдэн газарт гал гарсан байна. Голомтын ойролцоох нэгэн сууринд барилга нурсны улмаас нэг хүн амиа алдсан талаар “TV Asahi” мэдээлжээ. Мөн томоохон авто замуудад гүн ан цав үүсэж, төмөр замын хөдөлгөөн бүрэн зогссон бөгөөд Күмамото нисэх буудал нислэгүүдээ түр хугацаанд цуцалсан байна.

ҮЙЛДВЭРҮҮД АЖИЛЛАГААГАА ТҮР ЗОГСООВ

Газар хөдлөлтийн дараа дэлхийн хамгийн том гэрээт чип үйлдвэрлэгч “TSMC”, “Sony”, “Fujifilm”компаниуд Күмамото дахь үйлдвэрүүдийн ажилчдаа нүүлгэн шилжүүлсэн байв. “TSMC” үйлдвэрийн байгууламжид ноцтой гэмтэл гараагүй бөгөөд одоогийн байдлаар үйл ажиллагаагаа үе шаттай сэргээж эхэлснээ мэдэгдсэн байна.

Харин хагас дамжуулагчийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Tokyo Electron” Күмамото дахь хоёр үйлдвэрээ Лхагва гариг дуустал хаах шийдвэр гаргасан бол “Honda” мотоциклийн үйлдвэрээ мөн түр хугацаанд зогсоожээ.

Энэ удаагийн газар хөдлөлтийн голомт Күмамото хотоос өмнө зүгт 20 орчим км зайд байрлажээ. Японы Цаг уурын агентлаг ойрын нэг долоо хоногийн хугацаанд хүчтэй дараах чичирхийлэл үргэлжилж болзошгүйг анхааруулж, хөрсний гулгалтын эрсдэлээс сэрэмжлэхийг иргэдэд зөвлөсөн байна. Мөн “Kyushu Electric Power” компанийн мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас 48 мянга орчим айл өрх цахилгаангүй болжээ. Ойролцоох атомын цахилгаан станцуудад ямар нэгэн хэвийн бус байдал илрээгүй гэж Японы Цөмийн зохицуулах газар мэдэгджээ.

Күмамото мужид 2016 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 275 хүн амиа алдаж, 2,700 гаруй хүн бэртэн, олон мянган барилга байгууламж сүйдэж байсан юм. Энэ удаад ч эрх баригчид аврах ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ агаарын температур 34 хэм хүрэх төлөвтэй байгаа тул халуунд цохиулахаас сэргийлэхийг оршин суугчдад анхааруулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн