АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа үндэсний аюулгүй байдал, хиймэл оюун ухааны (AI) нийлүүлэлтийн сүлжээг эрсдэлээс хамгаалах зорилгоор Хятадад үйлдвэрлэсэн шинэ үеийн робот болон эрчим хүчний инвертерүүдийн импортод хориг тавих шийдвэр гаргалаа.
АНУ-ын Харилцаа холбооны комисс (FCC) Мягмар гаригт (2026.07.28) нийтэлсэн шинэ журмын дагуу Хятадад үйлдвэрлэсэн шинэ загварын хүн дүрст болон дөрвөн хөлт робот, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, батарейг цахилгаан сүлжээ болон дата төвийн төхөөрөмжтэй холбодог ухаалаг инвертерүүдийг АНУ-д импортлохыг хоригложээ. “FCC”-ийн мэдэгдэлд “Эдгээр төхөөрөмжүүд нь нийлүүлэлтийн сүлжээнд эмзэг байдал үүсгэж, АНУ-ын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй. Мөн кибер халдлагын замаар улсын чухал дэд бүтцийг онилох аюултай” гэж дурдсан байна. “FCC”-ийн дарга Брендан Карр “Америкийн чухал нийлүүлэлтийн сүлжээг хамгаалахын төлөө комисс шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ” гэж мэдэгджээ.
ХЯТАД ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭВ
Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яам уг журам гарсны дараа АНУ-ыг хоёр улсын бизнесийн салбарын бодитой байр суурийг сонсож, Хятадын компаниудыг үндэслэлгүйгээр харлуулах, хориг арга хэмжээгээр сүрдүүлэхээ зогсоохыг уриалсан байна. Мөн Бээжин өөрийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан аливаа алхмын эсрэг шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж мэдэгджээ.
Шинжээчдийн үзэж буйгаар хиймэл оюун ухаанд суурилсан хүн дүрст роботууд ойрын жилүүдэд үйлдвэрлэл болон өргөн хэрэглээний салбарт ашиглагдаж эхлэх төлөвтэй байгаа бол дата төвүүдийн хурдацтай өсөлт нь найдвартай инвертерийн нийлүүлэлтээс ихээхэн хамаарах юм.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент өмнө нь Хятадын “AI” компаниуд Америкийн оюуны өмчийг хулгайлсан тохиолдолд хориг арга хэмжээнд өртөж болзошгүйг анхааруулж байсан. Мөн Вашингтон газрын ховор элементийн зах зээлд Хятад давамгайлахаас сэргийлэхийг зорьж байгаа аж.
ХОРИГ ШИНЭ ЗАГВАРУУДАД ҮЙЛЧИЛНЭ
Шинэ журам нийтлэгдсэн даруйдаа хүчин төгөлдөр болсон бөгөөд одоогоор зөвхөн зах зээлд хараахан худалдаанд гараагүй робот, инвертерийн шинэ загваруудад хамаарах юм. Гэхдээ “FCC” шаардлагатай гэж үзвэл өмнө нь зөвшөөрөл авсан бүтээгдэхүүний борлуулалтын зөвшөөрлийг цуцлах эрхтэй хэвээр байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, комисс Хятадаас бусад улсын үйлдвэрлэгчдэд тодорхой хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд өмнө нь гадаадын дрон, чиглүүлэгч төхөөрөмжүүдэд ижил төрлийн зохицуулалт хийхдээ ийм арга барил хэрэглэж байжээ.
Шинэ хориг хамгийн ихээр Хятадын хүн дүрст робот үйлдвэрлэгч “Unitree” компанид нөлөөлөх төлөвтэй байна. “Counterpoint Research”-ийн тооцоогоор тус компани дэлхийн хүн дүрст роботын зах зээлийн бараг 20 хувийг эзэлдэг бөгөөд салбартаа тэргүүлэгчдийн нэг юм.
Саяхан АНУ-ын Батлан хамгаалах яам “Unitree”-ийг Хятадын армитай холбоотой байж болзошгүй компаниудын жагсаалтад оруулсан нь цаашид илүү хатуу хориг арга хэмжээ авах дохио гэж ажиглагчид үзэж байна.
“Unitree” компани саяхан “Nvidia”-тай хамтран “Blackwell” хиймэл оюун ухааны чипийг роботдоо ашиглах түншлэл байгуулсан. Мөн роботуудаас цуглуулах мэдээлэл АНУ-ын нутаг дэвсгэрт хадгалагдана гэж “Nvidia” мэдэгдэж байв. Харин АНУ-ын эрх баригчид ийм төрлийн роботууд үйлдвэрлэл, судалгааны байгууллагуудаас мэдээлэл цуглуулж, Хятадын тагнуулын байгууллагад дамжуулах эсвэл алсаас удирдан чухал дэд бүтцэд халдах эрсдэлтэй гэж үзэж байна.