Өмнөд Солонгосын Сөүлийн төв дүүргийн шүүх ерөнхийлөгч асан Юн Сук Ёлыг 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр худал мэдүүлэг өгч, Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хэрэгт буруутай гэж үзэн 1 жил 6 сарын хорих ял оноолоо. Гэхдээ шүүх уг ялыг гурван жилийн хугацаагаар хойшлуулан хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байна.
Шүүхийн дүгнэлтэд дурдсанаар, Юн Сук Ёл 2022 онд “Ардын хүч” намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа олон нийтэд худал мэдээлэл өгсөн нь тогтоогджээ.
Хэрэв энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээвэл Ардын хүч” нам 2022 оны сонгуулиар Юн Сук Ёл ялсны дараа Үндэсний сонгуулийн хорооноос олгосон кампанит ажлын зардал болох 40 орчим тэрбум воныг улсад буцаан төлөх үүрэг хүлээх юм.
Харин Юн Сук Ёлын өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд олон алдаа гарсан гэж үзэн, давж заалдахаа мэдэгджээ.
Энэ хэрэг нь ерөнхийлөгч асанд сүүлийн үед оноогдож буй цуврал ял шийтгэлийн нэг болж байна.
Тэрбээр хоёр долоо хоногийн өмнө Улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг зөрчсөн хэрэгт буруутгагдаж, хоёр жилийн хорих ял сонссон юм.
Мөн энэ оны хоёрдугаар сард түүнд онц байдал зарлах замаар бослого зохион байгуулсан хэрэгт бүх насаар нь хорих ял оноосон. Юн Сук Ёл уг шийдвэрийг мөн давж заалдаад байгаа юм. Гэсэн ч түүний эсрэг онц байдал тогтоохыг завдсан хэрэгтэй холбоотой нийт найман эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Түүнчлэн өнгөрсөн зургаадугаар сард түүнийг дайсанд тусалсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутган 30 жилийн хорих ял оноосон юм. Үүнээс өмнө Өмнөд Солонгосын Дээд шүүх шүүхийн ажиллагаанд саад учруулсан хэрэгт оноосон долоон жилийн хорих ялыг хэвээр үлдээж, шийдвэрийг эцэслэн баталгаажуулсан билээ.