СОФИ, 2026 оны зургаадугаар сарын 2 /BTA/. “Ногоон шилжилт-6.0” чуулга уулзалт Болгарын нийслэл Софи хотын “Sofia Event Center” цогцолборт даваа гарагт эхэлжээ.
“Dir.bg” цахим хуудас зохион байгуулж, Болгарын Үндэстний цахилгаан мэдээний агентлаг “BТА” мэдээллийн түншээр нь ажиллаж буй тус чуулган нь цаашид “Софийн санаачилга” хэмээн нэрлэгдэх төслийг эхлүүлэх зорилготой байна. Төв болон Зүүн Европын тогтвортой хөгжил, эдийн засгийн өөрчлөлтийн асуудлаарх хэлэлцүүлгийн хамгийн том платформ болох энэхүү зургаа дахь удаагийн чуулганы үеэр Европын Холбооны хэмжээнд бүтцийн өөрчлөлтийг эрс хурдасгах тухай олон улсын хамтын уриалгад гарын үсэг зурна.
Чуулга уулзалтын үеэр Болгарын Ерөнхийлөгч Илияна Йотова үг хэлэхдээ, өрсөлдөх чадвартай Европыг бүтээн байгуулахад Болгар улс хувь нэмэр оруулж чадна хэмээн мэдэгдээд, өнөө үед эв нэгдэл урьд урьдынхаас илүү чухал болоод байгааг онцолжээ.
Европын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд бүтцийг төрөлжүүлэх нь чухал ач холбогдолтой гэж Болгарын Эрчим хүчний сайд Ива Петрова мэдэгдсэн байна.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /ЭЗХАХБ/ Ерөнхий нарийн бичгийн дарга Матиас Корманны мэдэгдсэнээр, Болгар улс 2007 онд Европын Холбоонд элссэнээс хойш тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын дундаж түвшний 43 хувиас 62 хувь болж өсжээ.
Түүнчлэн Болгарын Шинжлэх ухааны академийн эрдэмтэн Спартак Керемидчиев хэлэхдээ “хиймэл оюун олон мэргэжлийг үгүй хийх бус, харин өөрчлөх болно” гэлээ.