Тэсрэх бөмбөг тээвэрлэсэн жижиг дрон Ливаны өмнөд хэсгийн балгас дээгүүр аажуухан ниснэ. Уг дроны оператор урьдчилан суулгасан камераар бүх зүйлийг харах бөгөөд ойролцоох Израилийн танк, цэргийн баазыг анхааралтай ажиглаж байлаа. Байгаа онилсон дроны дэлгэц дээр “Тэсрэхэд бэлэн” гэх хоёр үг тодрох нь хуучин цагт хүн суурьшиж байсан балгас дунд өнөөдрийн мөргөлдөөн эхэлж байгааг илтгэнэ.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэхүү квадрокоптер дроныг шилэн кабелиар удирддаг бөгөөд Хезболла бүлэглэл үхлийн аюултай цохилт хийхдээ ашиглаж буй.
Үүнийг зогсооход хэцүү, илрүүлэхэд бүр ч их хэцүү бөгөөд оператор нь радарт үзэгдэхгүйгээр байгаа өндөр нарийвчлалтай харах боломжтой байдаг аж. Хезболла бүлэглэлийн Ням гаригт (2026.05.03) нийтэлсэн бичлэгт хэдхэн килограммаас хэтрэхгүй жинтэй квадрокоптер дрон байгаа хэрхэн онож буйг харуулжээ. Үүнд бай болсноо мэдээгүй израиль цэргүүдийг харуулсан бөгөөд тэдний нэг нь 19 настай түрүүч Идан Фукс байв. Израилийн Батлан хамгаалах хүчний мэдээлснээр, Фукс амь үрэгдэж, бусад хэд хэдэн хүн шархадсан. Түүнчлэн гэмтсэн цэргүүдийг нүүлгэн шилжүүлэхээр ослын газарт ирсэн аврах нисдэг тэргийг Хезболла квадрокоптер дроноороо дахин довтолсон гэж мэдэгджээ.
Эдгээр дроныг энгийн боловч үр дүнтэй аргаар удирддаг. Радио дохио ашиглахын оронд нимгэн шилэн кабелиар оператортай холбодог байна. Энэ кабель нь маш хөнгөн бөгөөд нүдээр олж харахад хэцүүгээс гадна 15 километр хүртэл сунгах боломжтой. Ингэснээр операторт аюулд өртөлгүйгээр цохилт өгөх боломжоор хангаж байна. Израилийн батлан хамгаалах хүчин ихэвчлэн дроны дохиог гацааж, хяналтыг нь алдагдуулах замаар тэдгээрийг зогсоодог. Гэхдээ Хезболлагийн ашиглаж буй дрон радио дохио ашигладаггүй тул зогсоох боломжгүй. Өөрөөр хэлбэл тухайн дроныг цохилт өгөхөөс нь өмнө мэдэх ямар ч боломжгүй. Цэргийн эх сурвалжийн хэлснээр, энэ төрлийн дроныг тор гэх мэт бодит саадаас өөр зогсоох арга маш цөөн байдаг. Хезболлагийн ашиглаж буй дроныг анх Орос-Украины дайнд өргөн ашиглаж байсан. Оросын хүчин шилэн кабелийг үндсэн нэгжтэй холбосноор хүрээг нь өргөжүүлсэн бөгөөд дараа нь оператортай холбодог байжээ.
Хезболла энэ төрлийн дроныг өөр аргаар ашиглаж байна. Израилийн цэргүүд Ливаны өмнөд хэсэгт үндсэн баазтайгаа ойролцоо байрлаж байгаа тул томоохон ханган нийлүүлэлтийн шугам руу нь довтлох шаардлага бага. Үүний оронд Хезболла дрон ашиглан өмнөд Ливан болон хойд Израиль дахь израиль цэргүүдийг шууд онилж байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр, шилэн кабелийн дрон нь маш үр дүнтэй. Ялангуяа цэргүүд илүү том, хүнд оврын дрон ирнэ гэж боддог бөгөөд бэлтгэлтэй байсан ч өөрсдийгөө хамгаалах боломжгүй байдаг.
Израилийн талын үзэж буйгаар, Хезболла бүлэглэл Хятад эсвэл Иранаас энгийн, иргэний зориулалттай дрон авч, үүндээ гранат зэрэг тэсрэх бодис холбодог.
Ингэснээр жижиг боловч маш нарийвчлалтай, бараг харагдахгүй зэвсэг болдог. Нэг дрон их хэмжээний хохирол учруулахгүй ч хямд өртөгтэй тул зорилтот довтолгоонд ашиглахад үр дүнтэй. Мөн Хезболлад дрон ашиглах туршлагатай, янз бүрийн нисгэгчгүй төхөөрөмжийг удирдах чадвартай хүн олон байдаг аж.
Олон жилийн турш Хезболла Ираны санхүү, технологийн дэмжлэгтэйгээр пуужин, зэвсгийн нөөц бүрдүүлсэн. Газын дайнаас өмнө Хезболлад ойролцоогоор 150 мянган пуужин байсан гэж Израиль үздэг байв. Харин дайны явцад Израиль Хезболлагийн пуужинг устгаж, мөн тухайн бүлэглэл өөрсдийн пуужингаа ашиглаж эхэлснээр ердөө 10 хувь нь үлдсэн гэж тооцоолж байна. Хезболла өдгөө Израилийн армитай хүч, технологиор өрсөлдөж чадахгүй учраас өөр арга буюу “тэгш бус дайн” ашиглаж байна. Израилийн арми дронуудыг зогсоохын тулд тор болон бусад биетэй хаалт ашиглаж байгаа ч энэ нь төгс шийдэл биш гэж албаныхан хэлжээ. Нэг албан тушаалтан хэлэхдээ, “Хезболла хурдан суралцаж байна. Тэд довтолгоогоо зохион байгуулж байгаа нь маш их аюул дагуулж байна” гэж хэлжээ.