“Liquid” болон тэдний шинэ цэрэг “malbsMd”-ийн дебют тэмцээн тун харамсалтай өндөрлөлөө. Тэд “BLAST Rotterdam” тэмцээний хүрээнд хийсэн тоглолтуудынхаа гар бууны раундад 1-13 гэсэн тун тааруу үзүүлэлтийг толилуулав. Орон нутгийн цагаар өчигдөр/2026.03.22/ л гэхэд “The MongolZ”-ийн эсрэг гар бууны раундуудад 0-4 гэж тогложээ.
Тоглолтын тухайд хоёр мап ширүүн өрсөлдөөний эцэст “The MongolZ” баг 2-0 гэсэн харьцаатай хожиж, плей-офф руу нэг алхам ойртсон бол “Liquid” баг хасагдсан. Угтаа АНУ-ын баг хоёр өдрийн өмнө “Ninjas in Pyjamas”-ийг хожиж, фэнүүддээ найдвар төрүүлээд байсан юм. Гэвч дасгалжуулагч “maaRaa”-гүй “The MongolZ”-ийн учрыг олж чадсангүй.
Эхний “Ancient” мап дээр “The MongolZ” баг 10-4 гэсэн харьцаатай тэргүүлж байсан ч тэргүүллээ алдаж, нэмэлт цаг гарсан. Гэхдээ барьц алдсангүй, өрсөлдөгчөө хожив. Удаах “Mirage” мөн л эгзэгтэй мөчүүдэд дуэльдээ ялж, 13-10 гэсэн харьцаатай ялжээ.
“Liquid” энэхүү тэмцээнд нийт гурван цуврал тоглолтыг хийхдээ боломжит 14 гар бууны раундын 13-т нь хожигджээ.

Тоглолтын дараа “Liquid”-ийн “EliGE” ярихдаа “Бид илүү харагдлаа. Сайн байгаа ‘The MongolZ’-ийг бараг л хожлоо. Нэмэлт цагт хожигдлоо, хожиж болох раундуудаа алдлаа. ‘Spirit’-ийн эсрэг ч ойрхон байсан. Гэхдээ ойрхон байх хангалтгүй байна. Нөгөө талаараа ‘malbsMd’ бидэнтэй анхны тэмцээндээ оролцлоо. Тиймээс баг маань сайжрах замдаа яваа гэж мэдэрч байна. Одоо хүссэн бүхэндээ хүрч, хэрэгтэй бүхэндээ анхаармаар байна” гэжээ.
“The MongolZ” баг өнөөдөр шөнө 02:30 цагаас “Spirit”-ийн эсрэг тоглоно. Хожсон нь плей-оффд шалгарч, хожигдсон нь хасагдах учиртай.