МОСКВА, 2026 оны аравдугаар сарын 22 /РИА Новости/. Өвдөгний чагтан холбоосны гэмтэл авсан Гүржийн хөлбөмбөгчин Хвича Кварацхелияг сэтгэл санаагаар дэмжиж байгаагаа Португалын довтлогч Криштиану Роналду нийгмийн сүлжээгээр дамжуулан илэрхийлжээ.
Аваргуудын лигийн тэмцээний хүрээнд Францын “Пари Сен-Жермен” баг мягмар гарагт “Барселона”-тай тоглож 4:2-оор хожсон юм. ПСЖ-ий гарааны бүрэлдэхүүнд багтсан Кварацхелия гэмтэл авч, тоглолтын 59 дэх минутанд талбайг орхисон байна. Тэрбээр ойрын өдрүүдэд мэс засалд орох бөгөөд хүнд хэцүү нөхөн сэргэлтэд бэлэн байгаа гэдгээ нийгмийн сүлжээнд бичжээ.
“Хөлбөмбөгийн хамгийн хүнд хэцүү тулаанууд ихэвчлэн хүний нүдэнд харагддаггүй юм. Квара, чамд ямар хэцүү байгааг би ойлгож байна. Гэхдээ өнөөг хүртэл юунд хүрснээ хэзээ ч бүү март. Хүнд хэцүү мөчүүдээс болж, цаашид бүр ч ихийг хийж чадна гэдэгтээ эргэлзэх хэрэггүй. Дотроо байгаа галаа үргэлж асааж яваарай. Чиний хамгийн сайхан цаг мөч хараахан ирээгүй байна” хэмээн Роналду Инстграм дахь хуудсандаа Кварацхелиягийн бичсэн постны дор сэтгэгдлээ үлдээжээ.
Мөн Казанийн “Рубин” багт тоглож байх үед нь Хвичаг дасгалжуулж байсан Леонид Слуцкий постны дор хоёр эможи үлдээж, түүнийг сэтгэл санаагаар дэмжсэн байна.
Өдгөө 25 настай Кварацхелия Италийн “Наполи”-гоос 2025 оны нэгдүгээр сард ПСЖ-д ирсэн юм. Энэ улиралд тэрбээр 11 тоглолтод оролцохдоо хоёр гоол оруулаад байна. Парисын багийн бүрэлдэхүүнд Хвича Аваргуудын лиг, Францын аварга шалгаруулах тэмцээн, УЕФА-гийн Супер цомд тус бүр хоёр удаа, Францын цом, Супер цом, Тив хоорондын цомын тэмцээнүүдэд тус бүр нэг удаа түрүүлжээ.
Мөн Москвагийн “Локомотив”, Казанийн “Рубин” багуудад тоглож байв.
