Мэргэжлийн сүмогийн Харү башё өчигдөр/2026.03.22/ өндөрлөлөө. Нийт 15 өдрийн турш Осака хотноо башё үргэлжилж, ширүүн өрсөлдөөний эцэст Киришима Б.Лхагвасүрэн түрүүлэв. Түүний хувьд ийнхүү гурав дахь удаагаа эзэн хааны цомыг хүртэж байгаа нь энэ. Гэхдээ их хүлээсэн, хүссэн түрүү нь энэ байлаа. Тэрбээр хамгийн сүүлд 2023 оны Кюүшү башёд түрүүлж байсан юм.
Тухайн үедээ Киришима Б.Лхагвасүрэн озэки цолтой, дараагийн ёкозүна гэж яригдаж байсан ч 2024 оны тааруу барилдааныхаа улмаас сэкивакэ цол руу буурсан билээ. Гэхдээ бараг гурван жилийн дараа эргэн түрүү бөхөөр тодров.
Киришима Б.Лхагвасүрэн түрүүлэх болзлоо башёгийн 14 дэх өдөр буюу нэг өдрийн өмнө хангасан. Өчигдөр ч башёгийн сүүлийн өдөр хэт тайвширсан бололтой озэки Котозакүрад өвдөг шороодсон. Ийнхүү 12 даваа, гурван унаатай Харү башёгийн тэргүүн бөх нь болсон.
Өчигдөр түрүүлснээрээ сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн эргэн озэки цолоо авахаар болж байх шиг байна. Сүмогийн холбоо энэ талаар хуралдаж, албан ёсны шийдвэрийг удахгүй танилцуулах гэнэ.
Гурав дахь түрүүгээ хүртсэн Киришима Б.Лхагвасүрэн “Эзэн хааны цом их хүнд санагдлаа. Удаан хугацаанд өргөөгүй болохоор тэр биз. Өнөөдөр ээжийн минь төрсөн өдөр. Түүнд сайхан бэлэг барилаа. Би цол буурсан ч бууж өгөөгүй, шаргуу хөдөлмөрлөсөн хэвээр байлаа. Өөрийгөө нэг л өдөр эргэн ирнэ гэдэгт итгэж байсан. Би одоо ч залуухан байна. Улам хүчирхэг болж, олон түрүү хүртэнэ” гэв.
Киришима Б.Лхагвасүрэн энэ жил 30 нас хүрэх бөгөөд ёкозүна цол хүртэх боломж бүрэн бий. Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн, ёкозүна Оносато нараас өмнө түүнийг дараагийн аварга болно гэж ярьж байсан билээ.