Эрүүл мэндийн яам, Боловсролын яам хамтран хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улс орон даяар 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулж байна.
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах нь төрийн бодлогын чухал зорилтын нэг юм. Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулах шийдвэр гаргасан. Үүний дагуу эрүүл мэнд, боловсролын салбар хамтран зорилтот насны хүүхдүүдийг үзлэгт хамруулж, эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд холбох, хүүхэд, эцэг эхийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.
Энэхүү үзлэгийн гол онцлог нь хүүхдийг эмнэлэгт ирэхийг хүлээх бус харин хүүхдийн сурч, хөгжиж байгаа цэцэрлэг, сургуулийн орчинд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулж, хүүхдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, илэрсэн эрсдэлийг эрт илрүүлэн шаардлагатай хүүхдийг дараагийн шатны тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбож хяналтыг үргэлжлүүлэхээр зорьж байна.
Энэ удаагийн илрүүлгийн онцлог:
- Цэцэрлэг болон сургуульд суурилж нас, хөгжлийн онцлогт тохирсон багц, үзлэг, үнэлгээнд хамруулах буюу 4 насыг сонгож үзлэг хийж байна (3, 6, 11, 15 настайд)
- Сургууль болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын цахим системүүдийн интеграц, дата солилцоо
- Цахим платформ, бодит цагийн горимоор хянах нэгдсэн дашборд
- ЭМДҮЗ-ийн тогтоолоор үзлэгийн зардлын хэмжээг баталж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн
- Эцэг эхчүүдэд хүүхдийн үзлэгийн дараах зөвлөгөөг ЕМонголиа-гаар дамжуулан хүргүүлнэ
- 2 салбарын хамтарсан ажлын хэсэг, хамтарсан сургалтууд, мэдээллийн нэгдсэн урсгал
- Нэг удаагийн арга хэмжээ бус, хүүхдэд ойр урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний тогтолцоо бүрдүүлнэ.

Хүүхдийн өсөлт, хөгжил, биеийн ерөнхий эрүүл мэнд, харааг үнэлэхээс гадна 3 настайд хүүхдийн хөгжил болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг, 6 настайд зүрхний цахилгаан бичлэгээр зүрхний эмгэгийн эрсдэлийг, 11 настайд нурууны муруйлт, хавтгай тавхайг, 15 настайд сэтгэл зүй болон бэлгийн бойжилтын хөгжлийг үнэлэх асуумж зэрэг насны онцлогт тохирсон үнэлгээ хийгдэнэ.
Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчид мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авч байгаа. Мөн хүүхдийн эрүүл мэндийн талаарх урьдчилан бөглөх асуумжийг ашигласнаар эмч үзлэг хийхдээ хүүхдийн эрсдэлийг илүү сайн тодорхойлох боломж бүрдэж байгаа. 15 настай хүүхдийн хувьд насны онцлогийг харгалзан зарим өөрийн үнэлгээний асуумжийг сурагч өөрөө бөглөж байгаа.

Өнөөдрийн байдлаар байдлаар улсын хэмжээнд 198302 /69.4%/ хүүхэд үзлэгт хамрагдаж эхэлсэн ба үүнээс 130450 /45.7%/ хүүхэд эмчийн үзлэгт бүрэн хамрагдаж дууссан байна. Улсын хэмжээнд үзлэгт бүрэн хамрагдсан хүүхдийг насны бүлгээр ангилвал 3 настай хүүхдийн хамрагдалт 37648 /56.6 %/, 6 настай хүүхдийн хамрагдалт 32226 /42.8%/, 11 настай хүүхдийн хамрагдалт 36085 /44.4 %/, 15 настай хүүхдийн хамрагдалт 24491 /39.1 %/ байна.
Үзлэгт хамрагдсан хүүхдийн эрсдэл 26.3% А буюу хэвийн үнэлгээтэй хүүхэд, 24.1% В буюу ӨЭМТ түвшинд хяналт тавих шаардлагатай бага эрсдэлтэй хүүхэд, 41.2% С буюу дунд эрсдэлтэй, нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай хүүхэд, 8.4% D буюу эрсдэл өндөртэй үнэлэгдсэн байна.
С буюу дунд эрсдэлтэй, нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай хүүхдийн дунд шүдний өвчлөл зонхилж байгаа бол D буюу эрсдэл өндөртэй үнэлэгдсэн хүүхдийн дунд хөгжлийн хоцрогдол, биеийн жингийн өөрчлөлт зонхилж байна.

Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад эцэг, эхийн оролцоо маш чухал. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ асуумжийг үнэн зөв бөглөж, үзлэгт хамруулахад идэвхтэй оролцож, үзлэгийн дараа эмчийн өгсөн зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалж байна.

“Хүүхдийн өвчин, эрсдэлийг эрт илрүүлж, эрт арга хэмжээ авах нь зөвхөн эрүүл мэндийн үр өгөөжтэй биш. Хожуу үеийн өндөр өртөгтэй эмчилгээ, хүндрэлээс сэргийлэх, гэр бүл болон эрүүл мэндийн тогтолцоонд учрах ачааллыг бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрүүл мэндэд өнөөдөр хийж буй хөрөнгө оруулалт бол ирээдүйн эрүүл, бүтээмжтэй иргэнд хийж буй урт хугацааны хөрөнгө оруулалт юм.”
Жиргэх
