COP17-гийн шийдвэр гаргах үйл явцад иргэний нийгмийнхний оролцоог бодитоор баталгаажуулахыг уриалав

Улаанбаатар //. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд өнөөдөр “Дэлхий шатаж байхад хэн бидний газар шороог хамгаалах вэ?” сэдэвт хэвлэлийн хурал боллоо.

Хэвлэлийн хуралд оролцогчид Монголын тал хээр, Өмнөд Америкийн өндөрлөгийн намгархаг газар, ой мод, Арктикийн тундрт уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол уугуул болон орон нутгийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг өөрсдийн жишээгээр тайлбарлав. Тухайлбал, доктор Д.Бурмаа нүүдлийн мал аж ахуй нь бэлчээрт тулгуурладаг болохыг онцлоод, газар нутгийг хамгаалахын тулд малчдын орлогыг өсгөхөд анхаарах хэрэгтэй. Энэ хүрээнд нэг малаас хүртэх ашиг шимийг нэмэгдүүлэх, малчдын анхдагч холбоо, хоршоог байгуулах, бэлчээр сэлгэх арга ажиллагааг сайжруулах зэрэг шийдэл байж болохыг хэллээ. Мөн Монголын зүүн бүсэд түймрийн эрсдэл нэмэгдэж байгаа тул түймрээс урьдчилан сэргийлэх, менежментийг сайжруулах бодит шийдэл шаардлагатай хэмээв. 

Цаа буга маллаач Андерс Акс, сүүлийн жилүүдэд Арктикийн дулаарал хурдацтай явагдаж, бороо цасны горим өөрчлөгдөхийн хэрээр цаа буганы амьдрах орчин, уугуул иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх болсон. Тэдний уламжлалт аж ахуй нь уугуул иргэдийн амьжиргаа, соёлыг хадгалаад зогсохгүй тундрын экосистемийн тэнцвэрт байдлыг хамгаалахад тодорхой хувь нэмэртэй байсаар ирсэн гэлээ.

Боливи Улсын иргэн Татьяна Бланко, манай уугуул иргэд байгальтай харилцан хариу барих зарчмаар амьдарч ирсэн. Өөрөөр хэлбэл, “Та дэлхийгээс авсан бол буцааж өгөх ёстой” гэх ойлголтын үеэс үед өвлүүлэн, өнөөг хүртэл авч ирсэн нь бидний байгаль хамгаалах уламжлалт аргын нэг хэмээн тодотгов.

Хэвлэлийн хурлын төгсгөлд оролцогчид COP17-гийн шийдвэр гаргах үйл явцад иргэний нийгэм, уугуул болон орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог бодитоор баталгаажуулахыг Талуудад уриалав. Үүний зэрэгцээ газрын доройтол, цөлжилт, ган, уур амьсгалын өөрчлөлт зэрэг харилцан уялдаатай сорилтыг шийдвэрлэхдээ тухайн газар нутагт үе дамжин хуримтлагдсан уламжлалт арга туршлагыг шинжлэх ухааны мэдлэгтэй хослуулах нь оновчтой болохыг захив.

COP17-гийн шийдвэр гаргах үйл явцад иргэний нийгмийнхний оролцоог бодитоор баталгаажуулахыг уриалав

COP17-гийн шийдвэр гаргах үйл явцад иргэний нийгмийнхний оролцоог бодитоор баталгаажуулахыг уриалав

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн