Хотын дарга нар асуудлыг хэлэлцэхээс илүү бодит ажил болгоход анхаарахаа онцоллоо

Цөлжилт, газрын доройтол, усны нөөц, уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцэхээс илүү бодит ажил болгож хэрэгжүүлэхэд анхаарахаа хотын дарга нар онцолж байна.

Хотын дарга нарын төлөөлөл мэдээлэл хийх үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Газар, ус, дэд бүтэц, шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол гэхчлэн хотуудад үүсэж буй саад бэрхшээл бүгд ижил төстэй тул хотын дарга нар нэгдэн сүлжээ үүсгэн, сайн туршлагаа солилцож, ногоон төслүүдэд хөрөнгө оруулах,  бэрхшээлийг хамтран шийдэх гарц шийдлийг эрж, бүс нутаг, дэлхий нийтийн түвшинд асуудлыг шийдэхийг зорьж байна. Хотууд асуудлаа хэлэлцэхээс гадна хэрэгжилт, бодит байдалд ямар үр дүн гаргах нь чухал. Энэ удаагийн чуулга уулзалт өргөн хүрээг хамарч, Өмнөд Америк, Европ, Зүүн Өмнөд Ази, Төв Ази гээд бүх талын төлөөлөл оролцож байна. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын хурлын хүрээнд хотын дарга нарын уулзалтыг анх удаа зохион байгууллаа. Дараагийн чуулга уулзалтыг БНТУ-ын Анкара хотод зохион байгуулах тухай ярьж байна. Улаанбаатар хот агаарын бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийг дэмжих төслүүдэд санамж бичгүүд байгуулна” гэв.

ХБНГУ-ын Бонн хотын зөвлөлийн гишүүн, хотын орлогч дарга, доктор Урсула Зауттер, “Бонн хотод 1999 онд цөлжилтийн асуудлаарх дэлхийн хотын дарга нарын форум болж, хот, орон нутгийн захиргааны түвшинд цөлжилттэй тэмцэх, тогтвортой хөгжлийг дэмжих тухай хэлэлцсэн. Хотууд дуу хоолойгоо хүргэж, хамтын ажиллагаа, мэдээлэл, туршлагаа солилцсон. Орон нутгийн засаг захиргааны дуу хоолойг олон улсад хүргэж, хотуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цөлжилтийг онолоос илүү туршлагад тулгуурлан хамтран шийдэж, үзэл баримтлал, саналаа боловсруулах нь чухал байдаг” хэмээсэн юм.

Франц Улсын Од (Aude) мужийн Европ болон Олон улсын харилцаа хариуцсан зөвлөх Андре Виола энэ үеэр “Дэлхийн бүх хотод уур амьсгалын өөрчлөлтийн асуудал тулгамдаж байна. Улаанбаатар хот СОР17-гийн хэлэлцээрийн хүрээнд маш олон санаачилга гаргаж байна. Бонн хотод гэхэд гурван сарын турш 40 хэм хүрч халж байна. Энэ нөхцөл байдал бүс нутгийн хэмжээнд үргэлжилсэн. Бид уур амьсгалын өөрчлөлтийн хямралын болон шийдлийн эхэн үед ирээд байна. Бүс нутгийн түвшинд усны менежментийг хэрэгжүүлж, хөрсийг сэргээж, байгалиа хамгаалах ёстой. Гол нь олон улсын оролцогч, иргэний нийгэм, хөдөө аж ахуйн байгууллага, хувийн хэвшил зэрэг талууд оролцоотой байж, дуу хоолойгоо хүргэх боломж энд бүрдэж байна. Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, усны хэрэглээнд анхаарах нь чухал байна” гэж ярилаа.

НҮБ-ын Хүн амын Нутагшил Суурьшлын Хөтөлбөрийн Дэлхийн шийдлийн хэлтсийн хөтөлбөрийн менежментийн Ахлах Фиона МакКлуней, “Талуудын бага хуралд бүс нутаг, орон нутгийн засаг захиргааны төлөөлөл заавал оролцож, дуу хоолойгоо хүргэх ёстой. Гарсан шийдлүүд хүнд сурталгүй хэрэгжих нь чухал. Өнгөрсөн зун Европт уур амьсгалын өөрчлөлт мэдэгдэхүйц байлаа. Цаг уурын өөрчлөлт хүний эрүүл мэндэд ч их нөлөөлж байна. Хотоос гадна хөдөө орон нутагт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө хэр байгаа нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоож байж шийдэх гарцаа олно” хэмээв.

Хотын дарга нарын уулзалтад 33 улс, 27 хот, олон улсын 51, дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцож байна. 

Хотын дарга нар асуудлыг хэлэлцэхээс илүү бодит ажил болгоход анхаарахаа онцоллоо

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн