Францад хүүхдийн нэмэлт тэжээлийн 5 компанид мөрдөн шалгалт эхлүүлжээ

Францын прокурорууд хүүхдийн нэмэлт тэжээл үйлдвэрлэж, борлуулдаг таван компанид мөрдөн шалгалт эхлүүлжээ. Тухайн компаниудын үйлдвэрлэдэг нэмэлт тэжээл хорт бодисоор бохирдсон байж болзошгүй байна. Тодруулбал, “Nestlé”, “Lactalis”, “Danone”, “Babybio”, болон “La Marque en Moins”-ийг шалгаж байна. Эдгээр нэмэлт тэжээлийн брэндэд хорт бодис болох церелеид агуулсан байж болзошгүй. Улмаар бохирдсон бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсэн эсэхийг тогтоохоор шалгаж байна. Францад хүүхэд нь дээр дурдагдсан нэмэлт тэжээл хэрэглэсний дараа бөөлжсөн гэж найман хүн гомдол гаргасан аж. Их Британид дор хаяж 36 нярай хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн гэж мэдээлжээ.

Церелеид нь халуунд амархан устдаггүй хорт бодис бөгөөд дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх шинж тэмдэг үүсгэдэг.

Гол асуудал нь эхийн сүүтэй төстэй шим тэжээлтэй болгохын тулд нэмдэг арахидоны хүчлийн (ARA) тос гэх орцтой холбоотой байжээ. Их Британийн “Food Standards Agency” (FSA) мэдэгдсэнээр, гуравдагч талын “ARA” тос нийлүүлэгч нь бохирдлын эх үүсвэр байсан бөгөөд одоо ашиглахаа больсон гэв. Тус нийлүүлэгчийг Хятадын “Cabio Biotech” компани байж магадгүй гэж мэдээлж байгаа бөгөөд энэ нь Ухань хотод байрладаг. Гэвч тус компани одоогоор тайлбар өгөөгүй байна.

Хятадын зах зээлийн хяналтын байгууллага дотоодын нэмэлт тэжээл үйлдвэрлэгчдэд церелеидийн шинжилгээ хийхийг үүрэг болгосон.

Гэхдээ ямар үйлдвэрлэгч компаниуд болохыг ил болгоогүй. Францад мөн эдгээр бохирдсон бүтээгдэхүүн нь гурван нярайн нас баралттай холбоотой эсэхийг шалгаж байна. Үүнээс гадна тус улс нийт 28 багц бүтээгдэхүүнийг татан авчээ. Үүнд “Nestlé” компанийн үйлдвэрлэдэг “SMA”, “Danone” компанийн үйлдвэрлэдэг “Aptamil” болон “Cow & Gate” брэндүүд багтаж байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд нэлээд хугацааны өмнө үйлдвэрлэгдсэн тул Их Британийн дэлгүүрүүдэд байх магадлал бага гэж компаниуд мэдэгдсэн. Гэсэн ч айлуудын гэрт байж болзошгүй тул эцэг эхчүүдэд шалгахыг зөвлөжээ.

“Nestlé” компани татан авалтын дараа эрэлт хэрэгцээг хангахын тулд Франц, Испани, Герман, Швейцар, Нидерланд дахь таван үйлдвэрээ өдөр шөнөгүй ажиллуулна гэж мэдэгдсэн. Тус компани эцэг эхчүүдэд аюулгүй, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхэд анхаарч байгаагаа онцолсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн