Трамп: Тун удахгүй хэлэлцээ байгуулна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Иран улс цөмийн хэлэлцээ байгуулахад  ойртож байна” гэж мэдэгдлээ. Тэрбээр Бямба гаригт (2026.05.23) CBS News сувагт утсаар ярилцлага өгөхдөө, уг хэлэлцээ Ираныг цөмийн зэвсэг бүтээхээс сэргийлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн Ираны баяжуулсан ураны асуудлыг зохих ёсоор хяналтанд авна гэж хэлсэн байна.

Трамп “Бид хүссэн бүхнээ авч чадсан тохиолдолд л би гэрээнд гарын үсэг зурна” гэж онцолжээ. Үүний зэрэгцээ Axios мэдээллийн сайт Трампыг “сайн хэлэлцээ” байгуулах боломж 50:50 хувьтай байна хэмээн хэлснийг уламжилсан байна. Тэрбээр хэрэв яриа хэлэлцээ бүтэлгүйтвэл АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж болзошгүйг анхааруулжээ.

Axios-ийн мэдээлснээр, Трамп Ираны хамгийн сүүлийн хариу саналыг хэлэлцэхээр өөрийн тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер болон дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс нартай  уулзахаар төлөвлөсөн байна. Мөн тэрбээр Ирантай хийх хэлэлцээг үргэлжлүүлэх эсвэл довтолгоогоо сэргээх эсэх талаар өнөөдөр шийдвэр гаргаж магадгүй ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн