АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Израильд үзүүлдэг жил бүрийн дөрвөн тэрбум ам.долларын тусламжийг энэ оны эцсээр зогсоох болсноо мэдэгджээ. Тэрбээр арваннэгдүгээр сарын 3-нд буюу АНУ-ын завсрын сонгуулийн өдөр “Fox News” телевизэд утсаар ярилцлага өгөх үеэрээ энэ талаар мэдээлсэн байна.

Трамп Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай тохиролцсон бөгөөд Израиль цаашид АНУ-аас санхүүгийн тусламж авах шаардлагагүй болсон гэж тайлбарлажээ.

Мөн тэрбээр Мичиган мужид Ардчилсан намаас Сенатын сонгуульд нэр дэвшиж буй Абдул Эль-Сайедыг дурдсан байна. Эль-Сайед АНУ Израильд үзүүлдэг цэргийн дэмжлэгээ зогсоох ёстой гэсэн байр суурьтай юм. Трамп түүний шүүмжлэлийг дурдан, Израильд тусламж шаардлагагүй байхад Бүгд найрамдахчууд энэ асуудлаар шүүмжлэлд өртөх ёсгүй гэж хэлжээ.

Түүнчлэн Нетаньяху өөрөө энэ асуудлыг хөндсөн бөгөөд Израильд үзүүлэх тусламж АНУ-ын сонгуулийн үеэр улс төрийн маргаан дагуулж байгааг ойлгож байгаа гэж Трамп мэдэгдсэн байна.

Ярилцлагын үеэр Трамп Ормузын хоолойн ойролцоох Ираны Кешм аралд АНУ-ын арми цохилт өгсөн гэх мэдээлэлд мөн тайлбар хийжээ. Тэрбээр уг ажиллагааг “бага хэмжээний цохилт” байсан бөгөөд дайн биш гэж тодорхойлсон байна. Түүний хэлснээр, Иран тус аралд агаарын довтолгооноос хамгаалах байгууламж барьж дуусмагц АНУ-ын арми цохилт өгчээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх