ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /TASS/. АНУ-ын Ардчилсан нам сүүлийн хэдэн арван жилд анх удаа Техас муж улсын амбан захирагч болон тус муж улсыг төлөөлөх сенатчын суудлыг авч чадсаныг Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. 

Хэвлэлүүдийн мэдээллээс үзвэл, Техас муж улсын шинэ амбан захирагчаар Ардчилсан намаас нэр дэвшсэн Жина Инохоса сонгогдож, Бүгд найрамдах намын нэр дэвшигч Грег Эбботтыг ялсан байна. Г.Эбботт 2015 оноос хойш тус муж улсын амбан захирагчийн албыг хашиж байгаа юм. Тэрбээр сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрч, Ж.Инохосад баяр хүргэсэн байна. 

Түүнчлэн Ардчилсан намын нэр дэвшигч Жеймс Таларико АНУ-ын Конгрессын Сенатын танхимд Техас муж улсыг төлөөлөх шинэ гишүүн болж байна. Тэрбээр Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Кен Пакстоныг ялжээ. АНУ-ын Ерөнхийлөгч, Бүгд найрамдах намын гишүүн Дональд Трамп болон эрх баригч намын бусад төлөөлөгч Техас муж улсын сонгогчдыг Пакстоныг дэмжиж, Таларикогийн эсрэг санал өгөхийг идэвхтэй уриалж байсан тул Таларико ялсан нь бүр ч онцлох үйл явдал боллоо. Техас муж улсаас 1988 оноос хойш Ардчилсан намын төлөөлөгч Сенатад сонгогдоогүй юм.

АНУ-ын завсрын сонгуулиар Сенат танхимын нийт суудлын гуравны нэг, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх гишүүн, мөн 36 муж улс, нутаг дэвсгэрийн захирагчийг сонгож байна. Түүнчлэн орон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгууль явагдаж байгаа юм.

Одоогоор Конгрессын хоёр танхимд Бүгд найрамдах нам олонхыг бүрдүүлж байгаа бөгөөд сонгуулийн дүнгээр байгуулагдах 120 дахь бүрэлдэхүүн 2027 оны нэгдүгээр сарын 3-наас үйл ажиллагаагаа эхлүүлнэ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх