АНУ, Ираны хооронд байгуулсан тохиролцооны бичвэр буюу харилцан ойлголцлын санамж бичгийг олон нийтэд аль болох хурдан ил болгохоор Вашингтоны хэлэлцээчид ажиллаж байна. Гэхдээ харилцан ойлголцлын санамж бичгийн үг үсэг нэг бүрийг чухалчлан тайлбарлах шаардлагагүй, төдийлөн ач холбогдолтой биш гэж АНУ-ын хэлэлцээчид хэлжээ. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн тохиролцооны бичвэр нь маш ерөнхий агуулгатай бөгөөд цаашдын илүү нарийн хэлэлцээнд зориулсан таатай орчныг л бүрдүүлэх зорилготой гэжээ. Мөн Иранд энэ тохиролцоогоор дамжуулан дотооддоо оноо авах боломжийг бүрдүүлэх аж.
Энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь ердөө нэг хуудас хагасын урттай бөгөөд АНУ-ын зүгээс Иранд хаалттай хаалганы цаана өгсөн чухал амлалтуудыг энд тусгаагүй.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, талууд энэ санамж бичгээр дамжуулан харилцан ойлголцож байгаа гэдэг нь л чухал. Яагаад гэвэл тэрхүү санамж бичигт хориг арга хэмжээнүүдийг чөлөөлнө, цөмийн гэрээ хийнэ, царцсан санхүүжилтүүдийг буцаана гэсэн ерөнхий агуулга бий. Гэхдээ жишээлбэл, хориг арга хэмжээнүүдийг хэзээ хэрхэн чөлөөлөх вэ гэдэг нь үйл явцаас хамаарах аж.
АНУ Ираны цөмийн үйлдвэрлэлд хяналт тавина гэж удаа дараа мэдэгдсэн ч гэлээ санамж бичигт энэ талаар нарийн тусгагдаагүй байгааг эх сурвалж мэдээлжээ. Зөвхөн Иран дахин цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй гэсэн ерөнхий агуулга байгаа юм. Гэтэл Иран 2015 онд Обамагийн засаг захиргаатай цөмийн хэлэлцээр хийхдээ аанай л энэ амлалтаа өгч байжээ.
Санамж бичигт зөвхөн Иран улс амлалтаа биелүүлбэл ямар санхүүгийн тусламж тэднийг хүлээж байгаа зэргийг л тусгасан байгаа аж.
Трампын засаг захиргаа АНУ, Ираны хэлэлцээрээс болж ар талдаа мөн л асуудалтай байгаа. Тодруулбал, Трампын засаг захиргаа дайныг зогсоох нэрийдлээр Иранд хэт их буулт хийсэн байх вий гэж консерватив шонхорууд болгоомжилж буй юм. Иймээс харилцан ойлголцлын санамж бичгийг ил гаргахыг шаардсаар байна.
Дашрамд дурдахад, харилцан ойлголцлын санамж бичгээс хойш 60 хоног дотор АНУ, Ираны талууд биечлэн албан ёсны хэлэлцээр хийх ёстой. Энэ 60 хоног нь Трампын албан тушаалтнуудад Иран улс амлалтаа биелүүлэх, цөмийн буулт хийхэд хэр нухацтай хандаж байгааг тодорхойлох боломжийг өгөх болно.