АНУ, Ираны дайныг зогсоох урьдчилсан хэлэлцээр байгуулагдсанаар Ормузын хоолой эргэн нээгдэх төлөвтэй болж, газрын тосны үнэ ч сүүлийн гурван сарын хамгийн доод түвшиндээ хүрч унаад байна. Гэвч америкчуудын хувьд шатахуун түгээх станцууд дээр үнийн мэдэгдэхүйц хөнгөлөлтийг мэдрэхэд хэдэн сарын хугацаа шаардагдаж магадгүй юм.
Дональд Трамп өнгөрсөн Ням гаригт /2026.06.14/ мэдэгдэл хийхдээ “Ормузын хоолой дахин нээгдсэнээр үнэ эрс буурна” гэсэн. Ийм утгатай мэдэгдлийг тэр өмнөх хэдэн долоо хоногийн турш хийсэн билээ. Гэсэн ч шинжээчдийн үзэж буйгаар үнийн уналт Трампын хэлээд байгаа шиг тийм хурдан хугацаанд ажиглагдахгүй бололтой.
Ормузын хоолойгоор тээвэрлэгддэг газрын тос нь Хойд Америкийг бодвол Азийн зах зээлд илүү их хамааралтай байдаг. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд нийлүүлэлт хумигдаж, эрэлт тогтвортой байсан нь дэлхий даяар үнийн өсөлтийг өдөөжээ.
АНУ-ын Автомашины холбооноос Даваа гаригт мэдэгдсэнээр, тус улсад бензины үнэ нэг галлон (3.78 литр) нь дөрвөн ам.доллараас дээш хэвээр байна. Энэ нь өнгөрсөн сарын эхээр нэг галлон нь 4.48 ам.доллар хүрч байсантай харьцуулбал бага зэрэг буурсан үзүүлэлт. Харин Ираны дайн эхэлсэн өдөр буюу хоёрдугаар сарын 28-нд нэг галлон нь 2.98 ам.доллар байв.
Шатахууны үнийг хянадаг “GasBuddy” компанийн шинжээчийн мэдэгдсэнээр, АНУ, Ираны урьдчилсан хэлэлцээр л үнийг ингэж буулгаж байгаа бол ойрын өдрүүдэд дахин буурах ч магадлалтай юм. Гэхдээ энэ уналт тодорхой түвшинд очоод гацна гэж үзэж байна. Гал зогсоох хэлэлцээр бүрэн хүчин төгөлдөр хэрэгжиж, дайн зогслоо ч хэрэглэгчид шатахууны үнийг дайны өмнөх түвшинд хүртэл буурахыг 2027 оноос нааш харахгүй байж магадгүй аж.
Дэлхийн газрын тосны нөөц дайны өмнөх түвшинд хүрч сэргэхэд олон сар, магадгүй жил гаруйн хугацаа шаардагдаж болно. Яагаад гэвэл нэгдүгээрт, үйлдвэрлэгчид гарцаа нэмэгдүүлэхэд цаг хугацаа шаардагдана. Хоёрдугаарт, боомтуудын түгжрэл, зуны аялал жуулчлалын ачаалалтай үе зэрэг хүчин зүйлс бий.
Нийлүүлэлтийн сүлжээнд үүссэн зангилаануудыг тайлахад мэдээж цаг хугацаа орно. Дайны улмаас газрын тосны үйлдвэрлэл огцом буурсан. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр өдөрт 14 сая гаруй баррель буюу дэлхийн нийт эрэлтийн 14 хувь нь хаагдаад байв. Тэгэхээр ирэх ес, аравдугаар сараас нааш дайны өмнөх түвшинд эргэн орохгүй гэж шинжээчид таамаглаж байна.
Үүний зэрэгцээ үйлдвэрлэгчид гал зогсоох хэлэлцээр баттай хэрэгжих хүртэл үйл ажиллагаагаа бүрэн хүчин чадлаар нь сэргээхээс татгалзаж магадгүй гэдэг өнцгийг зарим шинжээч дэвшүүлж байна.
Одоогийн хэлэлцээр нь хоёр улсын хооронд 60 хоногийн хугацаатай хэлэлцээ хийх үе шатыг нээж буй юм. Үйлдвэрлэгчид асар их зардал гаргасных нь дараа мөргөлдөөн дахин дэгдэж, үйл ажиллагаагаа дахин зогсоох ажил гарах вий гэдгээс эмээх нь ч аргагүй. Үйлдвэрлэлийг эргэн ажиллагаанд оруулах явц нь дайны туршид тэдний амссан хохирлын хэмжээнээс шалтгаална.
Урьдчилан сэргийлэх үүднээс хаагдсан боловсруулах үйлдвэрүүд 40-60 хоногийн дотор хүчин чадлынхаа 95 хувьд хүрч чадна гэж таамаглаж байна. Харин байлдааны явцад эвдэрч сүйрсэн үйлдвэрүүдэд үүнээс хамаагүй илүү хугацаа шаардагдаж магадгүй юм.
Гэхдээ юу юунаас илүү саад тотгор бол боомтуудын түгжрэл. Тээвэрлэлтийн хүчин чадлаас шалтгаалсан цаг хугацааны хоцрогдол энд үүснэ. Магадгүй энэ нь хамгийн том хязгаарлалт болох болов уу.
“Kpler” компанийн тээвэрлэлтийн мэдээллээс үзэхэд одоогийн байдлаар 500 гаруй хөлөг онгоц дамжин өнгөрөх зөвшөөрлөө хүлээсээр байна.
Дэлхийн өнцөг булан бүрийг зорих эдгээр хөлөг онгоц хүрэх газартаа хүрч, боомтод зогсож, ачаагаа буулгахад хэдэн долоо хоногийн хугацаа шаардагдана. Үүнээс шалтгаалаад боомтуудад асар их хөл хөдөлгөөн үүснэ гэсэн үг. Ормузын хоолойгоор ердийн үед өдөрт 135 хөлөг онгоц дамжин өнгөрдөг байсан бол дайны үеэр энэ тоо 10 болж буурсан байна.
Эцэст нь дурдахад, газрын тосны үнэ буурсан ч дайны өмнөх түвшиндээ эргэн очтол хол байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм. Адаглаад л хэлэлцээний нарийн ширийн зүйлсийн талаар мэдээлэл дутмаг байгаа нь зах зээлд тодорхойгүй байдал үүсгэх эрсдэлтэй гэж эрчим хүчний зах зээлийн ажиглагч “Vanda Insights” фирм мэдэгджээ.