"Айчи Нагоя 2026" Азийн наадам

“Айчи Нагоя 2026” Азийн наадам албан ёсоор нээлтээ хийхэд тун бага хугацаа үлдлээ. Зарим тэмцээн, уралдаан нь нээлтээсээ өмнө эхэлчихсэн явна. Энэ жил Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг л оролцоно. Зохион байгуулагчдын зүгээс оролцох багуудын тоог 16 байсныг 12 болгосон учир Монголын эрэгтэй шигшээ баг хасагдсан.

Монголын эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн тодорч, өмсгөлөө гардан авав. 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн одод болсон О.Хулан, Б.Ариунцэцэг нарыг бүтэн талбайд дахин гарахаар болжээ. Мөн Улаанбаатар Амазонсын гайхалтай амжилтын салшгүй нэг хэсэг Амари Робинсон Монголын нэрийн өмнөөс олон улсын тавцанд өрсөлдөхөөр боллоо. 25 настай, 184 см өндөр америк бүсгүй будагтай талбайд элдэвтэй гэдгийг 3х3 сагсан бөмбөг сонирхогчид эчнээ мэднэ.

ХЭСГИЙН ШАТ

Монголын эмэгтэй шигшээ баг тэмцээний С хэсэгт Өмнөд Солонгос, Тайвань, Малайз гэсэн гурван улстай багтсан. Хэсгээ тэргүүлсэн хоёр баг нь шууд шөвгийн наймд шалгарах бол гуравдугаар байр эзэлсэн нь тэгшитгэлийн нэмэлт тоглолт хийх учиртай.

Түүхээ харвал Монголын эмэгтэй шигшээ баг дээрх гурван багийг хожиж үзээгүй. 2023 онд Малайзад 68-85 гэсэн харьцаатай, 2025 онд Тайвань 82-92 гэсэн харьцаатай, 2014 онд Өмнөд Солонгосын шигшээд 41-124 гэсэн харьцаатай тус тус хожигдож байлаа.

Тиймээс хариугаа авах даалгавартай. Бүрэлдэхүүний сонголт, чадамж зэргийг нь харвал Монголын баг Тайвань, Малайз хоёрыг хожих боломж бүрэн бий.

2025 онд Тайванийн эсрэг тоглоход Монголын баг эхний үе тэнцүү үзэж, хоёрдугаар үед маш тааруу тоглосон. Хэдий гурав болон дөрөвдүгээр үед илүү тоглосон ч хоёрдугаар үеийн 14 онооны зөрүүг арилгаж чадаагүй юм.

ХУВААРЬ

  • 2026.09.18-ны өдөр 13:00 цагт: Тайвань – Монгол
  • 2026.09.21-ний өдөр 13:00 цагт: Монгол – Өмнөд Солонгос
  • 2026.09.22-ны өдөр 19:00 цагт Монгол – Малайз

ӨРСӨЛДӨӨН

Тэмцээний гол фаворитоор Япон, Хятад, Өмнөд Солонгос, Филиппин нэрлэгдэж байгаа. Гэхдээ эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга саяхан өндөрлөсөн тул Япон, Солонгос, Хятад гол тамирчдаа илгээхгүй байх. Эрэгтэй шигшээ багуудыг харахад ч тэр Өмнөд Солонгосоос бусад нь хоёрдугаар багуудаа илгээсэн гэлтэй.

Монголын эрэгтэй шигшээ багт хожигддог Японы шигшээ багийн бүрэлдэхүүн энэ удаагийн Азийн наадамд өрсөлдөж байна. Тэд Хачимура, Кавамүра, Баба, Ватанабэ зэрэг оддоо дуудсангүй.

Энэ удаагийн эмэгтэй шигшээ баг Азийн наадмаар шуугиан тарих, медалийн төлөө өрсөлдөх боломжтой. Залуучууд, туршлагатай тамирчид, 3х3 сагсныхан гээд тал, талын шилдгүүд цуглаж, хавьд байгаагүй сайн багийг бүрдүүлжээ. Магадгүй 2014, 2018 оны амжилтаа давтаж, шөвгийн наймын шатанд цаашлаад хагас шигшээд өрсөлдөхийг үгүйсгэхгүй.

Австрали, Шинэ Зеланд гэсэн орнууд Азийн олимпын зөвлөлд багтдаггүй учир Азийн наадамд оролцдоггүй.

Хэсгийн тоглолтын үр дүн, хасагдах шатны учраа ээлтэй байвал Монголын эмэгтэй шигшээ баг түүхэндээ анх удаа Азийн наадмын медалийн төлөө тоглох боломжтой. Дээр дурдсан дөрвөн багийн нэг нь л бүдрэхэд Монголын шигшээ багт боломж гарна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн