ЖЕНЕВ, 2026 оны есдүгээр сарын 15. /ТАСС/. Шатрын дэлхийн аварга цолны төлөөх Энэтхэгийн шатарчин Доммаражу Гукеш, Узбекистаны шатарчин Жавохир Синдаров нарын тоглолт 11 дүгээр сарын 22-ноос 12 дугаар сарын 12-нд Женев хотод болно. Энэ тухай Олон улсын шатрын холбооны /ФИДЕ/ хэвлэлийн алба мэдээллээ.

Кипр улсад дөрөвдүгээр сард болсон “аваргын төлөө тоглох өрсөлдөгчийг тодруулах тэмцээнд” Синдаров түрүүлснээр Гукештэй тоглох эрхийг авсан юм. Д.Гукеш 2024 оны 12 дугаар сард Хятадын шатарчин Дин Лижэнийг хожсоноор дэлхийн аварга болсон билээ.

Дэлхийн аваргын төлөө өрсөлдөх хоёр шатарчин хоёулаа 20 настай тул энэ удаагийн тоглолт нь түүхэн дэх хамгийн залуу шатарчдын өрсөлдөөн байх болно.

Сонгодог өргийн эхний тоглолт 11 дүгээр сарын 24-нд, сүүлчийн 14 дэх өрөг 12 дугаар сарын 11-нд явагдана. Өрсөлдөгчид нийт 14 өрөг тоглох бөгөөд түрүүлж 7.5 оноо авсан нь аваргаар тодрох юм. Оноо тэнцсэн тохиолдолд 12 дугаар сарын 12-нд тай-брейкээр ялагчийг тодруулна. Халз тоглолтын шагналын сан нь 2.5 сая доллар бөгөөд тоглогчид сонгодог өргөөр хожих бүрдээ 200 мянган доллар авах ба үлдсэн мөнгийг тэдэнд тэнцүү хуваан олгох ажээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн