Rate: Бидний дутуу үнэлсэн ч
Монголын “CS2”-ийн “5star” баг шуугиан тарьж чадлаа. Энэ оны эхээр байгуулагдсан тус баг “FISSURE Playground 3” тэмцээний хүрээнд дэлхийн шилдгүүд болох “The MongolZ” болон “Astralis” зэрэг багуудыг хожиж, гэнэтийн бэлэг барив.
Харамсалтай нь, “G2” багийн эсрэг тоглолтод 0-2 гэсэн харьцаатай хожигдож, тахимаа өглөө. Тоглолтын тухайд “5star” баг “Inferno” мап дээр хожих боломж байсан ч туршлага дутлаа.
Тоглолтын багийн гол тоглогч Б.Тэнгис буюу “rate” дараах ярилцлагыг өгчээ.
-Та нар урьдчилсан шатнаас эхлээд бараг л плей-оффд шалгарлаа. Үр дүндээ хэр сэтгэл хангалуун байна?
-Үр дүндээ сэтгэл хангалуун байна. Учир нь энэ бидний анхны “S” түвшний тэмцээн байлаа.
-Өрсөлдөгчдийнхөө талаар юу хэлэх вэ? Та нар “The MongolZ”-ийг хожлоо. “910”, “bLitz”-ийг хожих ямар байна?
-Мэдээж “The MongolZ” бол том баг, том нэр. Мөн Монголын номер нэг баг. Түүнчлэн дэлхийн шилдэг арван багт багтана. Бидний хувьд сайхан тэмцээн боллоо. Бидний өөрсдөдөө итгэх итгэл нэмэгдлээ. Үүнд баяртай байна.
-Гэхдээ үнэндээ та нар “The MongolZ”, “Astralis” хоёрыг хожно гэж төсөөлж байсан уу?
-Үнэндээ төсөөлөөгүй ээ. Бид өөрсдийнхөөрөө тоглож, өрсөлдөгчдөдөө гэнэтийн бэлэг барьж чадлаа. Ийм л зүйл боллоо.
-Яаж үүнийг хийсэн юм бэ? Бэлтгэл сайн байв уу, эсвэл багийн сэтгэл зүй сайн байв уу?
– Бид эх орондоо сайн бэлдсэн. Шалтгаан нь энэ л байх. Бид үнэхээр хичээсэн. Бусад багууд ‘Муу баг. 5star бол зөөлөн боорцог’ гэж бодсон байх. Гэтэл бид нар бут ниргэлээ.
-Танай багийн чансаа өслөө. Энэ хэр чухал вэ?
-Бид Мэйжорт өрсөлдмөөр байна. Тийм учраас VRS чансааны оноо бидэнд маш чухал. Бид цаашдаа ч чадахаараа хичээнэ. “The MongolZ”, “Astralis” хоёрыг хожсон нь бидний сэтгэл зүйг өргөлөө.
-Та нар Монголд байрладаг, алс холын бүс нутгийнх. Монголд танай баг хангалттай хөгжих боломж бүрдсэн үү? Эсвэл Европд бэлтгэл хийх үү? Цаашдаа яах вэ?
-Үнэндээ бид аль болох богино хугацаанд сайжирмаар байна. Европд бэлтгэл хиймээр байна. Учир нь тэнд сайн багууд бий. Бид Ази учир Европын топ багуудтай тоглож чадахгүй байна. Энэ удаагийн тэмцээн бидэнд том туршлага боллоо. Бид цаашдаа хичээнэ. Харамсалтай нь, “G2”-ийн эсрэг сайн тоглож чадсангүй.
-Энэ удаагийн тэмцээний үр дүн та бүхэндээ тус болно гэж бодож байна уу?
-Мэдээж тэгнэ. Монголчууд үнэхээр цахим спортын тоглолт үзэх дуртай. Ялангуяа “CS2”-ийн тоглолтууд. Маргааш бид гэртээ харина. Очиход биднийг олон хүн дэмждэг болсон байх.
