Азийн хөлбөмбөгийн холбооны 20 хүртэлх насны Азийн цомын урьдчилсан шатны “I” хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо болж, Монголын шигшээ баг бүх тоглолтод ялалт байгуулан хэсгээ тэргүүлж, 2029 оны Азийн цомын урьдчилсан шатны үндсэн хэсэгт өрсөлдөх эрхээ авлаа.
Энэ үеэр үндэсний шигшээ багт анх удаа дуудагдсан 19 настай З.Тэнүүнбаяртай шигшээ багийн анхны дуудлага, багийн уур амьсгал болон цаашдын зорилгынх нь талаар ярилцлаа. Түүний хувьд Ховд Вестерн клубт тоглодог. Одоо Монголын үндэсний шигшээ багт тоглож байна.
-Марианы арлуудын эсрэг шигшээ багийнхаа анхны тоглолтыг хийж, 7:0-ээр хожлоо. Анхны тоглолтдоо ийм үр дүн үзүүлсэнд хөлбөмбөг сонирхогчид баяртай байна?
-Анхны хожлоо байгуулсандаа маш их баяртай байна. Бид энэ тоглолтод маш удаан хугацаанд бэлтгэл хийсэн, хожих зорилготой тоглосон. Тэгээд зорилгодоо хүрч, эхний алхмаа амжилттай хийсэн болохоор сэтгэл маш өндөр байна.
-Тоглолтын өмнө дасгалжуулагчийн зөвлөгөө, багийн сэтгэл зүй хэр бэлтгэгдэв?
-Тоглолтын өмнө манай багийнхан жаахан сандарсан. Эхний тоглолт болохоор яалт ч үгүй бага зэрэг биеэ барьсан байх. Гэхдээ манай дасгалжуулагч туршлагатай хүн болохоор бидэнд маш сайн зөвлөгөө өгч, тоглолтдоо хэрхэн хандах талаар зөв чиглүүлсэн.
-Монголын шигшээ багт анх удаа дуудагдах үед ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Миний хувьд анх удаа шигшээ багт дуудагдаж байгаа. Эцсийн 23 тоглогчийн нэрс гарахад маш их баярласан. Өөртөө ч итгэж чадахгүй, нэг тийм мэдрэмж төрж байсан. Өөрийнхөө нэг мөрөөдлийг биелүүлээд явж байна гэхээр үнэхээр их бахархсан.
-Нэгэнт шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан, цаашид үндэсний шигшээ багт тоглох амбиц, зорилго бий байх?
-Цаашдаа үндэсний шигшээ болон 23 хүртэлх насны шигшээ багт тоглох гээд олон зорилго байгаа. Тэр зорилгууддаа хүрэхийн тулд улам их хичээж, өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байна.
-Монгол Улсынхаа шигшээ багийн өмсгөлийг өмсөөд талбайд гарч, төрийн дууллаа сонсох ямар байв? Тэр мөчид ямар мэдрэмж төрсөн бэ?
-Маш их догдолсон. Үзэгчдийн дундаас таньдаг хүмүүсээ, ээжийгээ, ах эгчээ харахаар бүр нулимс гарах гээд байсан. Улсынхаа төлөө тоглож байна гэх мэдрэмжийг үгээр хэлэхэд хэцүү юм байна лээ. Ямар ч байсан маш их бахархсан.
-Өөр өөр клубээс ирсэн залуус богино хугацаанд нэг дор цуглаж, нэг баг болж тоглох амаргүй. Танай багт энэ бүхэн хэрхэн өрнөсөн бэ?
-Хамгийн анх бүгдээрээ цуглахад нэг баг болж чадаагүй үе байсан. Манай дасгалжуулагч нар үүнийг анзаарч, бидэнтэй ярилцаад, талбай дээр болон талбайн гадна хэрхэн нэг баг болж ажиллах талаар зөвлөсөн. Тэгээд бид өөрсдийнхөө алдааг ойлгож, бие биенээ илүү сайн ойлгож эхэлсэн. Ингээд бага багаар сайжирсан.
-Харин одоо багийн дотоод уур амьсгал ямар болсон бэ. Залуус хоорондоо хэр дотноссон бол?
-Одоо бол маш гоё байгаа. Бүгдээрээ их дотно болсон. Хааяа тоглоом тоглож, хөгжилдөж байгаад, тоглолт болон бэлтгэлийн үедээ анхаарлаа зөв зүйлдээ төвлөрүүлж чаддаг болсон.
-Зарим тоглогчид клубын түвшинд хоорондоо өрсөлддөг. Өмнө нь өрсөлдөгч байсан тоглогчид нэг баг болж тоглоход эхэндээ ямар нэгэн бэрхшээл тулгарсан уу?
-Анхандаа бага зэрэг мэдрэгдсэн гэж санагдсан. Гэхдээ сүүл рүүгээ бие биедээ дасаж, ойлголцоод эхэлсэн. Одоо бид клубын түвшинд биш, Монгол Улсынхаа төлөө тоглож байгаа. Тийм болохоор бие биедээ дасан зохицож, ойлгох нь илүү чухал болсон. Ингээд нэг баг болж чадсан.
-Хэдэн настайгаасаа хөлбөмбөгтэй холбогдов. Хаана өсч, төрсөн бэ?
-Би багаасаа л хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Бага ангиасаа, 1-3 дугаар ангиасаа хүүхдүүдтэй хөлбөмбөг тоглож явдаг байсан. Тухайн үед сургуулийнхаа шигшээ багт орохыг их хүсдэг байлаа. Хүүхдүүд бөөнөөрөө бэлтгэл хийж байгааг харахаар их гоё санагддаг байсан. Нэг өдөр талбай дээр хөлбөмбөг тоглож байхад багш ирээд намайг хаана, хэддүгээр ангид сурдаг талаар асууж байлаа. Дараа нь сургуулийнхаа шигшээ багт тоглож, гадаад, дотоодын тэмцээнүүдэд оролцож явсан.
-Хөлбөмбөгөөс гадна өөр спортоор хичээллэдэг үү?
-Анх ширээний теннис тоглодог байсан. Ер нь бүх спортыг л оролдож үзсэн дээ. Манай аав, ээж хоёр ч спортод дуртай. Өвөө маань ч бас тамирчин хүн байсан. Багаасаа дугуй унаж өссөн. Ер нь гэртээ зүгээр сууж чаддаггүй, их хөдөлгөөнтэй хүүхэд байсан.
-Тэгвэл Ховд Вестерн клубт хэрхэн анх орж байсан бэ?
-Тухайн үед би хэсэг хугацаанд хөлбөмбөгөө больчихсон байсан. Ширээний теннист ороод явж байгаад гэнэт хөлбөмбөгөө санаад, тогломоор санагдсан. Тэгээд манай ээж нэг клуб хайж өгсөн. Фэйсбүүкээс хайж байгаад Вестерн клубыг олсон юм. Тэр үед 21 дүгээр хороолол руу гэрээсээ хол явж, өдөр болгон автобусдаад л бэлтгэлдээ явдаг байлаа. Заримдаа автобусандаа унтаад буудлаа өнгөрөөчихнө. Клубтээ анх долоо хоног явж байгаад хүүхдүүдтэйгээ дотно болсон. Манай тэр хэд ч гаднын хүнийг нэг их гадуурхдаггүй, шууд дотроо оруулдаг байсан болохоор би хурдан дассан. Улмаар нэг баг болж эхэлсэн.
-Тамирчны замналд шантрах үе мэдээж байдаг. Тийм үед өөрийгөө хэрхэн хурцалж, урам зориг авдаг вэ?
-Шантрах үе зөндөө байсан. Ялангуяа лигийн үеэр бэртэх, өөрөөсөө шалтгаалаад сэлгээнд суух зэрэг үед их юм бодогддог. Жоохон шантарна. Гэхдээ яг өөрийнхөө зорилгыг боддог. Улсынхаа төлөө тоглоно гэсэн зорилго өөртөө тавьчихсан байсан. Тэрийгээ бодоод улам их хичээх ёстой гэж өөртөө хэлдэг. “Иймхэн юмыг даахгүй бол дараа нь улсынхаа түвшинд яаж тоглох юм бэ? Улсынхаа нэрийг дэлхийдяаж гаргах юм бэ?” гэж өөрийгөө зоригжуулдаг байсан. Ийм жижигхэн давааг давахгүй бол хэрхэн том болох вэ гэж боддог.
-Өөрийгөө хэр шартай хүн гэж боддог вэ?
-Шартай гэж боддог. Ялангуяа жижиг зүйл дээр хүртэл их боддог. Бэлтгэлийн үеэр болсон жижигхэн зүйлсийг орон дээрээ хүртэл бодоод унтаж чадахгүй үе байна. Эргэцүүлж бодоод, дараа нь ингэх ёстой юм байна, тэрийг арай өөрөөр хийвэл дээр юм байна гэж өөртөө дүгнэлт хийдэг. Эсвэл багийнхантайгаа ингэж ойлголцвол арай дээр юм байна, тэр хүнд ингэж хэлбэл илүү зөв ойлгогдох юм байна гэж боддог.
-Таны хувьд тамирчны замналд хамгийн их нөлөөлсөн үйл явдал, эсвэл хожигдол юу байсан бэ?
-Дээд лигийн үеэр нэг, хоёр тоглолтод бэртэлтэй байсан. Тэр үед бусад нь тоглоод, баг маань гоё хожоод байхад “Би яагаад тэр үед бэртэлтэй байчихав аа? Яагаад тоглож чадсангүй вэ?” гэж их бодож байсан. Сэлгээнд суугаад тоглолтыг нь зүгээр хараад суух хэцүү байсан. Тэр үед өөрийгөө илүү их дайчлах хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Бүгдтэйгээ хамт илүү сайн ажиллахгүй бол болохгүй юм байна гэж бодож, өөрийгөө улам их хичээх хэрэгтэй гэдгийг ойлгосон.
-Хөлбөмбөгөөс гадна чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Найз нөхөдтэйгөө их уулзах дуртай. Найз охинтойгоо уулздаг. Гэртээ FIFA тоглох дуртай. Хааяа дугуй унаж, ууланд гарна. Ер нь амрах үедээ сайхан амарч чаддаг. Харин анхаарах үедээ анхаарлаа зөв зүйлдээ төвлөрүүлээд явдаг.
-Тоглолтын өмнө сандарч, дарамт мэдрэх үедээ өөртөө юу гэж хэлдэг вэ?
-Хувцас солих өрөөнд байхдаа их юм боддог. Заримдаа буруу зүйл ч бодчих гээд байдаг. Гэхдээ өөртөө хамгийн их хэлдэг үг бол “Би чадна. Чи энэ хүртэл явчихсан юм чинь одоо иймхэн алхмыг хийж чадна шүү дээ. Битгий сандар, чи өөрөө чадна” гэж өөрийгөө зоригжуулдаг.
-Хэрэв таны амьдралд хөлбөмбөг байгаагүй бол өнөөдөр юу хийж байх байсан бол?
-Бараг өөр спортоор л хичээллэх байсан байх. Би багаасаа зүгээр сууж чаддаггүй байсан болохоор ямар ч байсан спорттой холбоотой зүйл хийх байх. Гэхдээ ер нь хөлбөмбөг рүүгээ л эргээд орох байсан байх. Цаг хугацааны л асуудал байсан байх.
-Та өөрийгөө талбайн гадна болон талбай дээрээ хэр өөр хүн гэж боддог вэ?
-Өөр гэж боддог. Талбайн гадна бол жоохон тайван, даруухан. Харин талбай дээр нэг их тайван, даруухан байж чаддаггүй. Хурц, ширүүн болчихдог. Өөрөөсөө ч их зүйл шаарддаг, бусдаасаа ч их зүйл шаарддаг.
-Тэгвэл өөрийнхөө тоглолтын хэв маягийг хэрхэн тодорхойлох вэ?
-Ер нь тайван, анхааралтай тоглохыг хичээдэг. Мөн бусдадаа дэмжлэг үзүүлэхийг хүсдэг. Тоглолтын явцад багийнхандаа улам их дэмжлэг үзүүлж, хамтдаа сайн тоглохыг хичээдэг.
-Таны дэмждэг хөлбөмбөгийн клуб болон хамгийн их үзэх дуртай тоглогч хэн бэ?
-Миний дэмждэг клуб бол Ливерпуль. Харин үзэх дуртай тоглогч маань Роналдо.
-Өнгөрсөн дэлхийн аваргын тоглолтуудыг хэр сонирхож үзсэн бэ?
-Гоё дэлхийн аварга болсон. Манай цагийн бүсийн хувьд тоглолтууд өглөө байсан болохоор нэг их орой суух шаардлагагүй, эрт унтаад өглөө босоод тоглолтоо үздэг байсан. Багуудын хооронд чанга, гоё тоглолтууд зөндөө болсон. Харин Роналдо нэг их таатай тоглоогүй болохоор миний хувьд бүх зүйл төгс сайхан байсан гэж хэлж чадахгүй.
-Цаашдаа тоглогчийн хувьд өөрийнхөө аль тал дээр илүү ажиллахыг хүсэж байна вэ?
-Талбай дээр бусдадаа зөвөөр нөлөөлж, зөв санал хэлж, тусламж сайн үзүүлдэг тоглогч болохыг хүсэж байна. Бусдыгаа сайн ойлгож, нэг баг шиг нэгдэж тоглоход нь нөлөөлдөг, лидер чанартай тоглогч болох хэрэгтэй гэж боддог.
-Өөрийгөө өнөөдрийн байдлаар 100 хувь дайчилж байгаа гэж боддог уу?
-Ер нь бол өөрийгөө 100 хувь зориулж чаддаг гэж боддог. Хааяа шантрах, юм бодох үе байдаг ч дараагийн удаа ингэх ёстой, тэгэх ёстой гэж бодоод өөрийгөө улам шахаж чаддаг. Гэхдээ өөрийгөө хангалтгүй байна гэж бас боддог. Тийм болохоор улам их хичээж, улам дээшээ явах ёстой гэж боддог. Өөрийгөө илүү өндөр түвшинд хүрч чадна гэдэгт итгэдэг.
-Таны тамирчны замналын хамгийн том зорилго юу вэ?
-Гадаадад тоглох л хамгийн том зорилго. Гадаадын илүү сайн клуб, илүү сайн лигт тоглохыг хүсдэг.
-Өнөөдөр Монголын залуу тоглогчдод гадаадад тоглох боломж хэр нээлттэй болсон гэж харж байна вэ?
-Сүүлийн үед дажгүй нээлттэй болсон гэж боддог. Монголын олон хүүхэд гадагшаа явж, тоглож байна. Шигшээ багт ч гадаадаас олон хүүхэд ирж тоглолоо. Тэр нь надад улам их урам зориг өгдөг. Тийм болохоор би өөрийгөө ч бас гадагшаа явж чадна гэдэгт итгэлтэй байгаа.
-Тэгвэл таны хамгийн том мөрөөдөл юу вэ?
-Хүссэн клубтээ, хүссэн лигтээ гадаадад тоглож, тэр орчиндоо сайн дасаж, багтайгаа амжилттай тоглохыг хүсдэг. Цаашдаа улам дээшээ явах боломж, бололцоог байнга хайж явах нь миний хамгийн том мөрөөдөл.
– Ярилцсанд баярлалаа
