Цахим спортын “CS2” төрлийн “The MongolZ” баг өчигдөр/2026.09.15/ албан ёсоор “tikuak” болон “DarkMeister” нарыг сэлгээ рүү шилжүүлснээ зарлалаа. Багт нэгдээд ердөө хоёр сар болсон хоёр залуу тоглогчийг ашиглахгүй болсонд олон хүн гайхаж байна.
“The MongolZ”-ийн хувьд сүүлийн үед тун тааруу байгаа. “EWC”-ийг 9-16 дугаар байраар өндөрлүүлж, “FISSURE Playground 3” тэмцээний хамгийн сүүлийн байранд орсон. Мөн дэлхийн чансаанд улам л байр ухарч, Азийн тэргүүн баг гэдэг алдраа алдахад тун ойртжээ.
Монголын багт шинэ бүрэлдэхүүнээ зарлах маш бага хугацаа бий. Учир нь сар хүрэхгүй хугацааны дараа “PGL Masters Bucharest” эхлэх гэж байна.
“The MongolZ”-ийг нэг эсвэл хоёр шинэ тоглогч авчирна гэх яриа гарсан. Магадгүй “The Huns”, “Chinggis Warriors”, “5star”, “Nexvoid” гэсэн дотоодын багуудаасаа тоглогч худалдан авахыг үгүйсгэхгүй.
“5star”-ийн Мэйжорт орох магадлал үлэмж нэмэгдсэн тул багаа задлахгүй биз. Боломжит хувилбаруудаас “Chinggis Warriors”-ийн “sk0R”, “NEXVOID”-ийн “MiQ” нар буурь сэлгэж болно.
Ийнхүү багийн үндсэн бүрэлдэхүүнд “bLitz”, “910”, “Techno” үлдэж, сэлгээнд “DarkMeister”, “tikuak”, “cobrazera” нар байна. “FISSURE Playground 3”-д үзүүлсэн сайн тоглолтыг нь харвал “cobrazera”-г эргүүлэн үндсэн багт дуудах боломжтой.
Ямартай ч “The MongolZ”-ийн шинэ тоглогч хэн байх вэ гэдэг анхаарал татаж байна.
