Улаанбаатар хотноо болсон боксын Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Х.Билгүүнсайхан-тай ярилцлаа. Гэр бүлээрээ энэ спорттой холбогдсон түүний хувьд ах нарынхаа амжилтын буухиаг дүүгийнхээ хамтаар үргэлжлүүлж байгаа Монголын өнөө цагийн шилдгүүдийн нэг юм.
-Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн танд баяр хүргэе. Эх орондоо ард түмэн, аав ээжийнхээ өмнө медаль хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Эх орондоо болсон тэмцээний сэтгэгдэл өндөр байгаа. Ер нь бол түрүүлнэ гэсэн зорилго тавьсан байсан. Финалын тулаандаа харамсч байгаа ч дараагийн удаа хожиж, түрүүлнэ.
-Финалын тулаанд Японы тамирчинтай учраа таарсан. Тулааны өмнө түрүүлнэ гэсэн өөртөө хэр итгэлтэй байсан бэ?
-Багш нар маань яг нэгдүгээр үед өөрийнхөөрөө ажиллаад үзээрэй гэсэн. Би ч яг тактикынхаа дагуу өөрийнхөөрөө тулалдсан. Их боломжийн тулалдсан шүү. Тулааны үеэр оноо сонссон чинь 1:4 гээд Японы тамирчин илүү байсан. Багш нар ч “За урагшаа, оноогоо нөхөөд явъя” гэж хэлсэн. Хоёр, гуравдугаар үе дээр хожчих юм байна гэж бодол төрсөн. Өөртөө итгэлтэй болчихсон байв. Харамсалтай нь, өрсөлдөгч тамирчны маань хөмсөг нь задраад оноо тоолоод ялагчийг тодруулах болсон. Оноо тоолоод л Японы тамирчинд ялалтыг өгсөн дөө.

-Угтаа хагас шигшээ шатанд жингийнхээ дэлхийн аварга Казахстаны Махмуд Сабырханыг хожсон шүү дээ. Олон ч хүн түрүүлэх замаа засчихлаа гэж ярьж байсан?
-Тэгсэн. Өөртөө итгэх итгэл их нэмэгдсэн. Казакстаны тамирчин бид хоёр өмнө нь “Elorda Cup” тэмцээн дээр учраа таарахад намайг болоогүй гэдгийг мэдрүүлсэн. “Чи болоогүй байгаа шүү, илүү сайн бэлтгэлээ хийх хэрэгтэй, өшөө хичээх ёстой” гэсэн мессежийг надад өгсөн тоглолт байсан. Тухайн үед би ч шигшээ багт ороод яг нэг сар болж байсан байх. Өрсөлдөгч тамирчин маань ч дэлхийн аварга болоод нэг сар л болж байсан байх.
“Elorda Cup”-аар дэлхийн аваргатай таарчихлаа гээд бүхнээ дайчилсан. Нэг жин учраас дахиад таарахаа мэдэж байсан. Тэгээд л бэлтгэл, сургуулилалтаа хийсээр сая Монголдоо таарлаа. Энэ удаад хожно гэж итгэлтэй байсан. Айх юмгүй өөрийнхөө тоглолтыг гаргаж хожсондоо сэтгэл хангалуун байгаа.
-Азийн аварга бэлтгэлээ хэзээнээсээ эхлүүлж, формондоо орсон бэ?
-Шигшээ багийн тамирчид бол байнгын л бэлтгэлтэй байдаг л даа. Яг формондоо орсон гэвэл гуравдугаар сард Болгарт болсон “Странжа” тэмцээний үеэр л юм байна. Манай боксчид энэ тэмцээнийг бага дэлхийн аварга ч гэж ярьдаг. Яг энэ тэмцээний үеэр бэлтгэл сургуулилалт жигдэрч, мэдрэмж авчихсан байлаа.
-Боксын спорттой хэрхэн холбогдсон бэ? Манай зарим уншигчид таныг боксын гэр бүлээс гаралтай гэж мэдэх байх. Тэр нөлөөлсөн нь гарцаагүй.
-Тийм ээ. Ялангуяа манай том ах 100 хувь нөлөөлсөн. Анх том ах маань боксын спортоор хичээллэж эхэлсэн. Тэгээд л дүүтэйгээ бээлийг нь сонирхож, өмсөж үзээд л хоорондоо ноцолддог байлаа. Тэр үед л сонирхол төрсөн дөө. Бага байхдаа өөрийгөө боксоор хичээллэнэ, боксын тамирчин болно гэж нэг их төсөөлж байгаагүй.
2014 онд байх бага насны улсын аварга гээд “Олимпын гараа” гээд тэмцээн болсон юм. Тэмцээн болохоос долоон хоногийн өмнө л санагдаж байна. Ах маань намайг тэр тэмцээнд бэлтгэл хийгээд ороод үз гэсэн. Тухайн үедээ дурлаж сонирхоогүй ч ороод медаль авчихсан. Ингээд л бага багаар явсаар энэ спортоор л амжилт гаргах юм байна гэж шийдээд 2018 онд эргэлт буцалтгүй энэ спортод хөл тавьсан даа.
-Анхны клуб, багш нь хэн бэ? Ах нар нь боксын тамирчид учир авьяастай харагдсан болов уу?
-Анхны багш гэвэл Алдар спорт хорооны А.Гантулга болон Ж.Отгонбаяр нар минь байна. Намайг хараад юм хэлээгүй дээ. Харин би өөрийгөө хөдөлгөөний эвсэлтэй, юмыг хараад хурдан сурдаг гэж боддог. Тиймээс хурдан суралцдаг байсан байх.
Анхныхаа А.Гантулга багштай рингэн дээр гарах илүү амар байдаг. Багадаа ч загнуулах юм олон хийж байсан даа. Одоо гайгүй болсон. Багш ч зөөлөрсөн.

-Багадаа хөдөлгөөнтэй хүүхэд байв уу? Олон хөвгүүдтэй айлд даруухан байх боломжгүй биз.
-Сахилгагүй байсан шүү. Их хөдөлгөөнтэй, үймүүлдэг байсан. Яг боксын спортоор хичээллэж эхлээд л даруулгатай болсон. Жаахан байхдаа ч ойлгодоггүй юм байна лээ.
-Хүүхдүүд багадаа төрөл бүрийн л спортыг сонирхож, тууштай байх нь ховор байдаг. Таны хувьд өөр спорт руу эсвэл урлаг, соёлын хоббинд автсан уу?
-Тэгсэн шүү. Боксын спортыг төдийлөн сонирхоогүй. Жүдогоор барилддаг байсан. Хотын аваргад ороод хүрэл медаль хүртсэн юм. Гэхдээ бас жүдодоо сонирхолгүй ээ. Хажуугаар нь хөлбөмбөг тоглодог. Хөлбөмбөгтөө сонирхолтой. Сургууль төгсөх дөхөөд л ах дуудаад л цаашдаа хэрхэх талаараа ярилцсан. Гэнэт л “Одоо яах билээ, юу билээ” гэж бодсон. Бодож, бодож боксын спортоор л явах юм байна гэж шийдсэн дээ.
-Боксын спортоор эцсээ хүртэл явж, тив, дэлхийн медальтан болно гэж бодсон үе нь хэзээ вэ? Тамирчдын хувьд ялалт эсвэл ялагдлын амт, нэг чухал үйл явдал нөлөөлдөг шүү дээ.
-Хоёр ах маань боксын улсын аваргад оролцоно гээд бэлтгэлдээ гарчихсан байсан үе байх. Тэр үед ах нарынхаа бэлтгэл хийж, түрүүлэхийг нь харж байлаа. Нэг ахтай маань манай үеийн тамирчин тулалдаж, хүрэл медаль авахыг харсан. Тэгэхэд л “Би яагаад оронд нь байж болохгүй гэж” гэж бодсон.
-Боксын спорт хүнд спорт гэж ярьдаг. Тэсвэр хатуужил, шандас сорьсон спорт. Шантрах үеүд багагүй тохиосон нь лавтай? Өөрийгөө яаж сэдэлжүүлж, зоригжуулдаг байсан бэ?
-Карантигладаад, холын кросст гүйхээр бас боддогддог байсан шүү. “Юуны төлөө, яах гэж ингэж өөрийгөө зовоогоод байгаа юм бэ” гээд л бодно. Өдөр бүр, тоглохын өмнө жингээ үзүүлнэ. Гэхдээ тавьсан зорилго маань том байсан учир “Бууж өгч болохгүй, энийг давах ёстой” гээд л зориглосон. Бэлтгэл бүрийн дараа өөрийгөө өөр болж байгааг мэдэрч эхэлсэн. Өнөөдөр үүний ард гарчихлаа, маргааш үүнээс илүү хичээнэ гээд л хичээдэг.
-Анхны олон улсын тэмцээн залуу тамирчны хувьд онцгой, содон байсан байх. Өөрийгөө гадаадын тамирчидтай харьцуулж, хаана яваагаа мэдэрсэн биз?
-Германд болсон дэлхийн цомын цуврал тэмцээн миний анхны олон улсын тэмцээн байлаа. Тэр тэмцээнд Францын тамирчинтай тоглож, хүрэл медаль хүртээд л өөрийнхөө боломжийг ойлгосон. Тэмцээнээс тэмцээний хооронд л өөртөө итгэх итгэл нэмэгдээд л яваад байсан. Дэлхийн шилдгүүдтэй таарч үзээд өөрийгөө хол дутахгүй гэдгээ мэдэж авсан даа.
Тэмцээний уур амьсгалд орохоор миний биед аура суугаад байдаг юм. Өөр төрлийн энерги авдаг. Байгальд гарахаар хүн өөр мэдрэмж авдаг даа. Яг тийм мэдрэмжийг авдаг.
Монголд гэхээсээ илүүтэйгээр гадаадад бэлтгэл хийж, олон улсын тамирчдыг харахаар цаанаасаа нэг аура суугаад байдаг юм. Байнга орчноо сольж байх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Олон орны тамирчидтай бэлтгэл хийж, гар зөрүүлэх сайн ч юм шиг.
-Та хэр шартай вэ?
-Боксын тал дээрээ бол шартай шүү. Оногдчихвол хариугаа авна л гэдэг. Бууж өгөх хүсэл байдаггүй. Гар, хөл дутуу юм чинь гээд л үздэг.
-Хоёулаа ярилцлагынхаа эхнээс л гэр бүлийнхээ талаар ярилаа. Бидэнд гэр бүлээ танилцуулаач?
-Манайх ам бүл наймуулаа. Аав, ээж маань зургаан хүүхэдтэй. Аавыг н.Хархүү, ээжийг н.Болормаа гэдэг. Манайх таван эрэгтэй, нэг эмэгтэйтэй. Би нэг эгчтэй. Их ширүүн хүн шүү. Манай том ахыг Х.Энх-Амар гэдэг. Боксын олон улсын хэмжээний мастер хүн. Хоёр дахь ахыг маань Х.Энхдэлгэр гэдэг. Одоо автомашины засвараар дагнадаг. Удаах Х.Энхмандах ах маань одоо АНУ-д мэргэжлийн бокс тоглож байгаа. Х.Сарантуяа эгч минь яг миний дээдэх. Тэгээд би. Миний доор Х.Билгүүнсайхан гээд мөн л боксын шигшээ багийн тамирчин дүү бий.

-Саяхан би нэг хөгжилтэй пост харсан нь “Монголчууд боксчдоо Хархүү гээд нэрлэчихдэг юм уу” гэсэн байсан. Нэг айлын дөрвөн хүүхэд Монголын боксын нэгэн үеийг төлөөлж байна. Аав, ээж нь спортын хүмүүс үү?
-Манай аав өөрөө барилддаг хүн. Ээжийн тал бас барилддаг. Тэгэхээр спорттой ойр хүмүүс шүү. Аав минь цэргийн начин цолтой. Тэгэхээр боксчин биш бөх төрөх байх гэж хардаг байсан байх. Намайг жүдогоор хичээллэхэд их баярладаг байсан юм шиг байна лээ.
-Зарим тамирчдын хувьд гэр бүлийнхэн, хайртай дотны хүмүүс нь хажуунаас үзэхэд биеэ барьдаг, хүссэн тоглолтоо гаргаж чаддаггүй гэдэг. Таны хувьд хэр нөлөөлсөн бэ?
-Надад тэгж санагддаггүй шүү. Монголд болж байгаа тэмцээн учир илүү хичээх ёстой л гэсэн зорилго байсан. Саяны тэмцээн дээр л гэхэд чаддаг зүйлээ тултал хийе, хүн алддаг алдаанаасаа сурдаг гэх бодолтой, биеэ бариагүй.
-Шигшээ багийн тамирчинд чөлөөт цаг бага гардаг байх. Чөлөөт цаг хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Манай А.Гантулга багш боксыг нэг их бодоод хэрэггүй, тэгж чадвал тархи чинь амарч, илүү сайжирч, чөлөөтэй болно гэж хэлдэг. Би ч чөлөөт цагаа найзуудтайгаа хамт өнгөрөөдөг. Өөрийгөө боксоос хол байлгадаг. Өдөржин, шөнөжин боксоо бодоод л байвал уйдах, залхах тал руугаа орох байх. Дуртай зүйлээсээ залхаж болохгүй шүү дээ. Тиймээс өөр зүйл хийдэг.
-Чухал тэмцээн, хариуцлагатай тоглолтын өмнө хэр нервтдэг вэ?
-Анх бол их нервтдэг байсан юм. “Яах бол, юу болох бол” гэж бодоод л байдаг. Тэмцээнээс тэмцээнд л өсч, сайжирдаг юм байна лээ. Сая Азийн аваргаар нерв багатай, тайван байхыг хичээсэн. “Бэлтгэл дээрээ хийдэг зүйлээ л хий, болох юм болдгоороо л болно” гэж өөрийгөө тайвшруулсан.
Би рингэнд гарахын өмнө чихэвчээ зүүгээд бие халаалтаа сайн хийж, хөлсөө гаргадаг. Тэгээд яг гарахын өмнө нэг сайн сууж, гүнзгий амьсгаа аваад төвлөрдөг.

-Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ?
-Би арван жилээ Баянзүрхийн 79 дүгээрт сургуульд төгссөн. Бага нас Шар хаданд өнгөрсөн дөө. Манай Шар хад боксчдоороо алдартай. Манай найзууд намайг медаль аваад ирэхээр баяр хүргээд их хөөргөнө. Би ч их хойшоо суудаг.
Рингэн дээрх би, рингэний гаднах би өөр хүмүүс. Рингэнээс гадуур сэтгэл хөдлөлөө дарахыг хичээдэг.
-Өнгөрсөн жилийн дэлхийн аварга таны замналын нэг чухал үе байсан байх. Тэр тэмцээнийг эргэн дурсвал?
-Өнгөрсөн жилийн дэлхийн аварга надад том түлхэц өгсөн. Сугалаагаа харчхаад өөрийгөө финалдана гэж бодсон, зорьсон. Эхний тоглолтын үеэр өрсөлдөгч Шведийн тамирчны мөр нь мултарчихсан. Харамсалтай юм болсон. Дараа нь Азербайжаны тамирчинг ялж, медалийн төлөө Испанийн тамирчинтай таарсан. Намайг бодвол туршлагатай, олимпод оролцсон тамирчин байсан. Тухайн тоглолтод оноо тэнцээд л нэмэлт шүүгчийн саналаар Испанийн тамирчинд ялалтыг өгчихсөн. Тэр үед сэтгэлээр унасан.
Сэтгэлээр унаж ирээд л найз охинтой ярьсан. Тухайн үед шантрах маягтай байсан юм. Манай найз охин ч “Ингээд л шантрах гэж анхнаасаа эхэлсэн юм уу, олимпод оролцъё, медаль авъя гэж бодохгүй байгаа юм уу, дэлхийн аваргаас мултраад л шантрах юм уу” гэж хэлсэн. Тэгээд л маргаашнаас нь бэлтгэлдээ орж, нэг мэдэхэд л медалиа алдчихсан гэх сэтгэл зүй байхгүй болчихсон.

-2028 оны Лос Анжелесын цикл албан ёсоор эхэллээ. Юу бодогдож байна?
-Тамирчин хүн бүрийн зорилго олимпын наадам байдаг байх. Миний олимпод зорьж, шунаж буй шалтгаан бол миний хоёр ах. Хоёр ах минь олимп, дэлхийн аваргаас л медаль авч үзээгүй. Тиймээс хоёр ахынхаа дутууг гүйцээх гэж олимпод зорьж байгаа. Өөртөө итгэлтэй байгаа.
Бэлтгэл, сургуулилалт ч жигдэрч, форм өндөр байна. Саяны Азийн аваргын формоо хадгалж, ирэх Азийн наадамд түрүүлнэ гэж зорьж байгаа. Бүх боломж, бололцоо нь надад бий.
-Мэргэжлийн боксын талаар юу бодож байна?
-Мэргэжлийн бокст хүч үзэх санаа бий. Гэхдээ эхлээд олимп, дэлхийн аваргад өөрийгөө баталж харуулна. Түүний дараа мэргэжлийн бокс руу эргэлт, буцалтгүй орох зорилго бий.
Би “Tank” Дэвис, Ломанченко, Флойд зэрэг боксчдыг дэмждэг. Хоёр ахыгаа багаасаа л харж, өслөө. Тэдэн шиг л тамирчин болохыг хүсч ирсэн.
-Х.Билгүүнсайханыг дэмждэг хүмүүстээ хандаж юу гэж хэлмээр байна?
-Юуны өмнө А.Гантулга, Ж.Отгонбаяр багш нартаа баярлалаа. Мөн Алдар спорт хорооныхондоо түүхт 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Монголын боксын шигшээ баг, холбооны ерөнхийлөгч М.Баянмөнх ах, найз нөхөд, дэмжиж, тусалдаг бүх хүмүүстээ талархлаа илэрхийлье. Та нарын итгэлийг алдахгүй цаашдаа улам хичээнэ.
-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Амжилт хүсье.