Дэлхийн нүүдэлчдийн наадмын зургаа дахь удаагийн тэмцээн Кыргызстаны нийслэл Бишкек хотноо эхэллээ. Энэ жилийн наадамд 100 гаруй орны баг тамирчин оролцож, нүүдэлчин ард түмний уламжлалт соёлтой холбоотой 43 төрлөөр өрсөлдөж байна.
Наадмын нээлт Ням гаригт (2026.08.30) Бишкек Арена цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд 100 гаруй орны төлөөлөгч, 21 улсын төрийн тэргүүн оролцжээ. Тухайлбал, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцож байсан БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар наадмын нээлтийн үеэр Бишкек хотод байв.
“Нүүдэлчдийн олимп” хэмээн нэрлэгддэг тус наадмыг анх 2014 онд Кыргызстанд зохион байгуулж байжээ.
Улмаар НҮБ-аас уг наадмыг улс орнуудын соёл хоорондын харилцаа, тогтвортой хөгжлийг дэмжих арга хэмжээ гэж хүлээн зөвшөөрсөн байна.
Энэ жилийн наадам Кыргызстаны Тусгаар тогтнолын өдөртэй давхцан эхэлжээ. Мөн нүүдэлчин ард түмний эртний спорт, оюуны уламжлалт тоглоомуудыг багтаажээ.
Морины уралдаан наадмын үндсэн том тэмцээн юм. Уралдааны зай 6, 10 болон 11 километр бөгөөд Төв Азийн нүүдэлчин соёлд хурдаас илүү хол замыг туулах чадварыг чухалчилдаг уламжлалтай. Мөн морин дээрх бөх, багийн морин тоглоом, давхиж явахдаа газраас эд зүйл шүүрэх зэрэг тэмцээн зохион байгуулж байна.
Түүнчлэн Киргизийн алыш, Казахстаны күресі, Тажикийн гүштини милли камарбандӣ, Туркмений гореш, Туркийн ашыртмалы аба күрэши зэрэг үндэсний бөхийн зургаан төрөл багтжээ.
Үүнээс гадна сур харвах, олс таталт, гар барилдаан, хүндийн өргөлт зэрэг спортын төрлөөр улс орнууд өрсөлдөж байна. Эмэгтэй тамирчид ч сур харваа болон хүчний зарим төрөлд оролцож буй. Зохион байгуулагчдын мэдээлснээр, нүүдэлчин соёлд эмэгтэйчүүд түүхийн бүх цаг үед морь унаж, дайн тулаанд оролцож ирснийг онцолжээ.
Киргизстан, Казахстан, Узбекистан, Тажикистан, Туркменистан, Монгол, Хятад, ОХУ зэрэг жил бүр оролцдог орнуудаас гадна энэ жил Австрали, Шинэ Зеланд, Алжир, Бурунди, Гамби, Иордан, Египет, Кабо-Верде, Кот-д’Ивуар, Оман, Уганда, Этиоп, Хойд Македон зэрэг улс анх удаа оролцож байна. Харин Их Британи улс 50 гаруй тамирчинтай баг илгээжээ.
Тэмцээнээс гадна нүүдэлчдийн түүх, соёлын талаар илтгэл, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний уулзалтууд зохион байгуулагдах юм. Мөн нүүдэлчдийн тосгоныг сэргээн байгуулж, ардын дуу, бүжиг, гар урлал болон уламжлалт соёлыг танилцуулах арга хэмжээ байна.