Өвөрмонголын Ордос хотноо жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр/2026.04.16/ эхэлсэн. Энэ жилийн тивийн аваргад 19 орны 197 тамирчин өрсөлдөж байгаагаас Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй, эмэгтэй нийт 18 тамирчин бүх жинд өрсөлдөж байна.
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр Монголын шигшээ багийнхан хоёр алт, нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлж эхлэв. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -48 кг-д Ж.Анударь, -52 кг-д М.Нандин-Эрдэнэ нар түрүүлсэн бол эрэгтэйчүүдийн -60 кг-д Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртсэн юм.
19 настай Ж.Анударийн тухайд алтан медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Лазиза Хайдароваг ялжээ. Харин 20 настай М.Нандин-Эрдэнэ мөн Узбекистаны Сита Кадамбоеваг ялсан аж. Өсвөрийн дэлхийн аваргаас хамтдаа тодорсон охид ийнхүү анх удаагаа тивийн аварга боллоо.
Монголын жүдо хөнгөн жинд үргэлжид шинэ залуу авьяастнуудыг бэлтгэн гаргадаг, ундарга сайтай нь харагдав.
Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73 кг, 81 кг, эмэгтэйчүүдийн -57 кг, -63 кг, -70 кг-ын барилдаанууд тус тус болно. Өнөөдөр барилдах монгол тамирчдаас эмэгтэйчүүдийн -57 кг-д 18 настай Т.Ариунзаяа гэх мөн Монголын ирээдүй болсон залуу тамирчинг онцолж байна. Түүний хувьд өнгөрсөн жилийн өсвөрийн дэлхийн аварга болж, Монголын оны шилдэг залуу тамирчин болсон билээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ч.ГАНБАТ