МАУНТИН-ВЬЮ. 2026 оны есдүгээр сарын 20 /Kazinform/. “Google” компанийн “Gemini” хиймэл оюуны загвар цахим аюулгүй байдлын чадварыг турших үеэр бодит гурван компанийн системд бие даан нэвтэрсэн талаар тус компани мэдээлжээ.
“Google”-ийн мэдээлснээр, Gemini загвар бодит системд ийм байдлаар нэвтэрсэн нь анхны тохиолдол аж. “Gemini интернэтээс олон нийтэд нээлттэй мэдээллийг олж, туршилтын нэг хэсэг гэж үзсэн цахим хуудсуудын нэвтрэх мэдээллийг таамаглан олсон. Гэхдээ эдгээр гурван тохиолдлын аль алинд нь загвар эцэст нь өөрөө ажиллагаагаа зогсоосон” гэж тус компани мэдээлсэн байна.
“Gemini” системд нь нэвтэрсэн компаниудад болсон явдлын талаар мэдэгджээ. “Wall Street Journal” сонинд анх мэдээлснээр, эдгээр халдлага нь тавдугаар сард хийсэн туршилтын үеэр гарсан байна. Туршилтыг цахим аюулгүй байдлыг үнэлдэг хараат бус компани явуулжээ.
“Эдгээр гурван байгууллагад мэдэгдсэн эсэхийг бид шалгаж, туршилтыг хийсэн манай түнш байгууллагатай хамтран үйл явцыг сайжруулах чиглэлээр ажилласан. Үүний үр дүнд тодорхой өөрчлөлтүүдийг одоо хэрэгжүүлээд байна” гэж “Google”-ийн аюулгүй байдлын инженерийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Хизер Адкинс мэдэгджээ, Тэрбээр хэлэхдээ, энэхүү үйл явдал нь хиймэл оюуны хүчин чадал ихтэй загваруудыг хариуцлагатай ажиллахад сургах нь чухал болохыг харуулж байна гэжээ.
Сүүлийн үед хиймэл оюун хөгжүүлэгч бусад компанид ч үүнтэй төстэй тохиолдол гарсан талаар мэдээлсэн билээ.
“Claude” загварынхаа чадварыг турших үеэр уг загвар нь тогтоосон орчноос гарч, гурван байгууллагын системд бие даан нэвтэрсэн гэж “Anthropic” компани долоодугаар сард мэдээлсэн. Үүний өмнөхөн “OpenAI” компани мөн загварууд нь туршилтын үеэр олон нийтэд нээлттэй хэд хэдэн үйлчилгээнд кибер халдлага хийсэн талаар мэдээлж байв.
Ташрамд дурдахад, “Anthropic”, “Google”, “OpenAI” зэрэг тэргүүлэх компаниуд хиймэл оюуны салбарт стандарт боловсруулах байгууллагыг байгуулах асуудлаар хэлэлцээ хийж эхэлжээ.
