Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Төв, Зүүн Европын Карпатын бүсийн найман улсыг нэгтгэсэн бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ бүлэг байгуулснаа баасан гарагт мэдэгджээ. Энэхүү бүлгийг худалдаа, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор байгуулсан байна.
Украины баруун нутагт эхэлсэн дээд хэмжээний уулзалтын үеэр В.Зеленский 2022 онд ОХУ-ын цэргүүд Украины эсрэг бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойш худалдаа, тээврийн харилцааг хэвээр хадгалсан бүс нутгийн холбоотнууддаа талархал илэрхийлжээ.
Тэрбээр “Telegram” сувагтаа уулзалтын үр дүнгийн талаар мэдэгдэхдээ, нийт 1 тэрбум еврогоос давсан үнэ бүхий 50 гэрээ байгуулсан гэж бичжээ. Тэрбээр гэрээ хэлэлцээрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй хэдий ч талаас илүү нь эрчим хүч, ялангуяа нар, салхин цахилгаан станцын төслүүдтэй холбоотой гэдгийг онцолсон байна.
“Карпатын бүс нутаг нь дамжин өнгөрөх бүс төдийгүй Европын Холбоог эрчим хүчээр хангагч бүс нутаг болж чадна. Ингэснээр Европыг ОХУ-аас эрчим хүчний хувьд хараат бус болгох зорилгод шууд хувь нэмэр оруулна” гэж В.Зеленский бичжээ.
Шинэ бүлэгт Румын, Серби, Польш, Словак, Чех, Австри, Унгар болон Европын Холбоо багтжээ. Анхдугаар уулзалтад Польшийн Ерөнхий сайд Дональд Туск, Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Румыний Ерөнхийлөгч Никушор Дан нар оролцсон бөгөөд уулзалт ням гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
“Энэ бол манай орнуудын харилцааг улам ойртуулах, Европын Холбооны түвшинд хамтын ажиллагааны бас нэгэн хүчирхэг тогтолцоог бий болгох үйл явцын эхлэл болж байна” гэж В.Зеленский уулзалт эхлэхийн өмнө “Telegram” сувгаараа мэдэгдээд, эрчим хүч, ложистикийн хамтын ажиллагаа, хил дамнасан худалдаа болон аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаа өргөжинө гэдгийг онцолжээ.
“Мэдээж хэрэг аюулгүй байдлын асуудал бол яг одоо болон ирэх жилүүдэд нэн тэргүүний зорилт байх болно” гэж тэрбээр тэрбээр бичсэн байна.
