“Berkshire Hathaway” компанийн гүйцэтгэх захирал Уоррен Баффет албан ёсоор ТУЗ-ийн даргын суудлаасаа бууж, хүүдээ залгамж халаагаа өвлүүллээ. Түүний хүү Ховард Баффет нь 1993 оноос хойш захирлуудын зөвлөлийн гишүүнээр ажилласан нэгэн.

Уоррен Баффет есөн сарын өмнө гүйцэтгэх захирлын ажил үүргээ олон жилийн турш хамтран ажилласан Грег Абелд шилжүүлээд байсан юм.

Харин Ховард Баффет аавынхаа ТУЗ-ийн даргын албан тушаалыг хүлээж авч байна. Ингэснээр удирдлагын үүрэг гүйцэтгэх гэхээсээ илүү компанийн соёлыг хадгалах хариуцлагатай ажлыг дааж авна гэсэн үг. Энэ нь өдөр тутмын үйл ажиллагаагаа дээд удирдлагын оролцоогүйгээр бие даан явуулах боломжийг салбар компаниудад олгодог  “Berkshire Hathaway”-ийн соёл юм.

Уоррен Баффетыг “Berkshire Hathaway”-ийг дампуурах шахсан нэхмэлийн компаниас 1.1 их наяд ам.долларын үнэлгээтэй конгломерат компани болгон өөрчилсөн гавьяатай нэгэн гэдэг. Үүний зэрэгцээ тэрбээр үе үеийн хөрөнгө оруулагчид, удирдах ажилтнуудад нөлөөлсөн хөрөнгө оруулалтын философийг бий болгосноор орчин үеийн Америкийн бизнесийн салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болсон юм.

Эдийн засгийн ахлах стратегич Брайан Жейкобсен “Хэзээ вэ гэдэг нь л сонин байснаас биш энэ бол болох нь тодорхой байсан зүйл. ‘Berkshire Hathaway’ энэ шилжилтэд олон жилийн турш бэлтгэсэн. Тиймээс энэ нь гэнэтийн удирдлагын өөрчлөлт гэхээсээ илүү сайтар төлөвлөсөн залгамжлалын үйл явц” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн