"Айчи Нагоя 2026" Азийн наадам
News.mn сайтын сурвалжлах баг Япон улсад зохион байгуулж буй “Айчи Нагоя-2026” Азийн наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжилж байна.
Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг “Айчи Нагоя 2026” Азийн наадмын хэсгийн эхний тоглолтоо Тайванийн эсрэг хийлээ. Тоглолт Нагоя хотын 17 мянган хүний суудалтай “IG Arena”-д болов.
Эхний үеийг Тайванийн баг онооны илүүтэйгээр эхлүүлж, тэргүүлсэн. Монголын шигшээ баг хамгаалалт болон довтолгооны хэмнэлээ ололгүй багагүй хугацаа өнгөрүүлэв. Улмаар О.Хулан алдааны асуудалд орж, Т.Өнөрзаяагийн шийдвэрүүд ашигтай байж чадсангүй.
Шигшээ багийн төлөө дебютээ хийсэн Амари Робинсон тоглолтыг сайн эхлүүлж, онооны зөрүү ойрхон байх шалтгаан байлаа. Мөн Б.Цацралын олон талт тоглолтыг дурдах нь зүйтэй.
Хоёрдугаар үед Монгол илүү тоглов. О.Хулан, Амари Робинсон, Б.Ариунцэцэг гэсэн гурвал онооны зөрүүг арилгаж, илүү гаргалаа. О.Хулангийн эгзэгтэй мөчид хийсэн шидэлтүүд байндаа тусаж, Б.Ариунцэцэг, Амари хоёр будагтай талбайд дийлдсэнгүй.
Хоёрдугаар хагасын эхлэлд Тайванийн шигшээ баг бүрэн илүүрхлээ. Тэдний хамгаалалт, алсын зайн шидэлтүүд тун сайн байв. Эсрэгээрээ Монголын шигшээ багийн дараалсан бөмбөг алдалтууд өрсөлдөгчдөө боломж олгож, тэргүүллээ алдсан. Түүнчлэн урд шугамын хамгаалалт тун тааруу байлаа.
Шийдвэрлэх үед Тайванийн алсын зайн шидэлт, хамгаалалт жигдэрч онооны тэргүүллээ алдсангүй. Монголын шигшээ багийн хамгаалалт, довтолгоо талбайн бүх хэсэгт нурж, учраа олсонгүй. Ийнхүү Тайванийн шигшээ баг 76-67 гэсэн харьцаатай эхний хожлоо байгууллаа.
Монголын шигшээ баг есдүгээр сарын 21-нд 12:00 цагаас Өмнөд Солонгосын эсрэг тоглоно.
Тоглолтын дараа Б.Ариунцэцэг ярихдаа “Эхний үе дээр бэлтгэл дээр ярьснаа хэрэгжүүлж чадсангүй. Хоёрдугаар үе дээр түүнийг зассан. Сүүлийн хагаст өөрсдийнхөө хийх юмыг хийлээ. Айл ч гэсэн довтолж чадсангүй” гэв.
Харин дөрөвдүгээр үеийн талаар асуухад “Дөрөвдүгээр үе дээр ядарчихлаа. Эсрэг багаа хэцүү шидүүлсэн ч шидэлт нь амжилттай боллоо” гэлээ.
“Амаритай тоглоход түшигтай байлаа. Урдаа алдсан ч ард түүнийг байгаа гэж бодохоор санаа зовсонгүй. Амари бол давуу талаа ашигладаг тамирчин. Энэ чадвар нь ашигтай байлаа” гэв.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.НЯМБИЛЭГ
