Оросын хөнгөн атлетикийн тамирчид олон улсын спортын болон хүний эрхийн байгууллагуудад хандан орос тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байгаа хоригийг цуцлахад туслахыг хүсчээ.
Тамирчид есдүгээр сарын 10-нд нээлттэй захидал илгээсэн байна. Уг захидлыг Олон улсын олимпын хорооны Тамирчдын комисс, Хүний эрхийн зөвлөх хороо болон НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарт хаяглажээ.
Тэд дөрвөн жил гаруй хугацаанд олон улсын тэмцээнээс хасагдсан нь тамирчдын карьер, ялангуяа залуу үеийнхэнд хүндээр нөлөөлж байгааг онцолсон байна.
“Атлетик бол бидний амьдрал. Дөрвөн жил гэдэг хүний амьдралд урт хугацаа. Харин тамирчны хувьд карьерынх нь хамгийн чухал жилүүд байж болно” гэж захидалдаа дурджээ.
Орос Украинд 2022 онд халдсаны дараа “World Athletics”-аас Орос, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан. Тус байгууллагын Зөвлөл энэ оны долдугаар сарын 3-нд хоригийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна.
Оросын Атлетикийн холбоо долдугаар сарын 9-нд уг шийдвэрийг эсэргүүцэн Спортын арбитрын шүүхэд гомдол гаргажээ. Гэсэн хэдий ч “World Athletics”-ийн ерөнхийлөгч Себастьян Коу хоригийн байр суурь өөрчлөгдөөгүй гэж мэдэгдсэн байна. Тэрбээр энэ нь улс төр, паспортын асуудал биш, харин тэмцээний шударга байдлыг хамгаалахтай холбоотой гэж тайлбарлажээ.
Оросын тамирчид “World Athletics”-ийн шийдвэрийг хамтын шийтгэл гэж үзэж байгаа бөгөөд бусад олон улсын спортын холбоодын бодлогоос зөрүүтэй гэж шүүмжилжээ. Учир нь зарим спортын холбоо Орос, Беларусийн тамирчдыг төвийг сахисан статустайгаар тэмцээнд эргэн оролцуулах болсон юм.
