Ситтард хотноо “Нүүдэлчид” үзэсгэлэнгээр уламжлалт урлаг, өв соёлоо сурталчилж байна

Монголын урлаг, соёл, уламжлал, хөгжмийг сурталчлан таниулах “Нүүдэлчид” үзэсгэлэнг Нидерландын Ситтард хотноо энэ сарын 1-16-нд зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэнгээр Монголын нүүдэлчин ахуй, байгаль дэлхий, уудам тал нутаг, оюун санаа, олон зуун жилийн түүх, уламжлалт соёлын өвөөс уран бүтээлчдийн бүтээлдээ шингээсэн дүрслэл, өнгө төрхийг Нидерландын үзэгчдэд хүргэж байна.

Элчин сайд Л.Болд 2026 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Ситтард хотноо болж буй “Нүүдэлчид” үзэсгэлэнг зорин очиж, үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчидтэй уулзан, тэдний бүтээлтэй танилцлаа.

Элчин сайд Л.Болд энэ үеэр уран бүтээлчдийн төлөөлөл Д.Бадам, Даваа Хуизинга-Молом нартай уулзаж, Монголын нүүдэлчин соёл, уламжлалт урлаг, өв соёлыг уран бүтээлээрээ дамжуулан Европын үзэгчдэд хүргэж, Монгол Улсыг сурталчлан таниулж буйд талархал илэрхийлэв.

Үзэсгэлэнд Монгол, Нидерланд, Бельги улсад ажиллаж, уран бүтээлээ туурвиж буй уран бүтээлчид бүтээлээ дэлгэжээ. 

Үзэсгэлэнгийн уран бүтээлчдийн нэг Даваа Хуизинга-Молом нь 2025 онд Рурмонд хотын “Хотын урлаг” уралдааны ялагчаар шалгарсан юм. Түүний “Аминаа” хэмээх уран бүтээл эерэг байдал, хүч чадал, хүн хоорондын холбоо, эв нэгдлийг бэлгэдсэн бөгөөд нарийн хийц, илэрхийлэл сайтай дүрслэл, гүн бэлгэдлийн агуулгаараа үнэлэгдэн, Рурмонд хотын Свалмен дүүргийн Маттью Кордангийн цэцэрлэгт хүрээлэнгийн тусгай талбайд нэг жилийн хугацаанд байршуулжээ.

Мөн “Нүүдэлчид” үзэсгэлэнгийн хүрээнд Д.Бадам багшийн удирдлага дор бэх, бийрээр монгол адуу зурах сургалт зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр морин хуурч Б.Тамир морин хуурын аялгуу эгшиглүүлж, Ө.Болорчулуун монгол уртын дуугаар ая дуугаа өргөн, зочдод монгол бичгээр өөрийн нэрээ бичүүлэн авах боломжийг бүрдүүлсэн байна гэж Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа ЭСЯ мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн