Улаанбаатарт анх удаа шөнийн марафон зохион байгуулна

Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотод анх удаа шөнийн марафоныг зохион байгуулахаар болжээ.

Энэ сарын 26-ны бямба гарагт болох марафон нь 5, 10, 21 км-ийн ангилалтай бөгөөд 16-гаас дээш насныхан оролцох боломжтойг зохион байгуулагчид онцоллоо. Шөнийн марафон нь нар жаргасны дараа буюу ихэвчлэн 20:00-00:00 цагийн хооронд зохион байгуулдаг гүйлтийн фестиваль юм. Марафоны үеэр гүйлтээс гадна амьд тоглолт, хотын гэрэл, шөнийн уур амьсгал, хөгжим, DJ үзүүлбэр, соёл, урлагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ нь Монголын анхны олон улсын шөнийн гүйлтийн фестиваль болж байгаа бөгөөд нийслэлийн спорт, соёл, аялал жуулчлалын шинэ өнгө төрх бөгөөд Азийн хамгийн өвөрмөц шөнийн гүйлтийн газруудын нэг болгох зорилготой аж.

Таван километрт гүйгчид Соёлын төв өргөө-Олимпын гүүр-ХУД-ийн “ИМарт” худалдааны төвийн уулзвар-Соёлын төв өргөө гэсэн маршрутаар гүйнэ. Харин 10 км-т Соёлын төв өргөө-Үндэсний сурын талбайн уулзвар-Маршалын гүүр-ХУД-ийн “ИМарт” худалдааны төв-Олимпын гүүр-Соёлын төв өргөө гэсэн маршруттай. Тэгвэл 21 км нь Соёлын төв өргөө-Үндэсний сурын талбайн уулзвар-Маршалын гүүр-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Шинэ 100 айл төвийн уулзвар-ХУД-ийн “ИМарт” худалдааны төв-Соёлын төв өргөө гэсэн маршрутаар гүйнэ.

Марафоны үеэр өөрт эвтэйхэн, өмнө нь өмсөж дассан гүйлтийн хувцас болон гутлаа сонгоно. Тэмцээний өдөр анх удаа шинэ гутал, шинэ хувцас өмсөхөөс зайлсхийж, тухайн өдрийн цаг агаарыг урьдчилан тооцоолон гүйлтийн явцад хэт халахгүй мөн хэт даарахгүй байхаар хувцсаа тохируулахыг зохион байгуулагчдаас зөвлөж байна. Мөн замын тэмдэглэгээ, гэрэлтүүлэг болон зохион байгуулагчдын зааврыг сайтар дагаж, бусдад зай гаргаж, зам дээр гэнэт зогсохоос зайлсхийж, шаардлагатай үед замын хажуу хэсэгт шилжихийг санууллаа. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн