“Формула-1”-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ

РОМ. 2026 оны есдүгээр сарын 4 /ТАСС/. “Формула-1” ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 13 дахь гараа буюу Италийн Гран-При уралдаан Монца хотын уралдааны замд өнөөдөр эхэлнэ.

Тэмцээнийг тэргүүлж буй “Мерседес” багийн уралдаанч Кими Антонелли эх орондоо ирсэн бөгөөд тэрбээр багийн анд, Их Британийн тамирчин Жорж Рассел, Льюис Хэмилтон /Феррари баг/ нараас 59 оноогоор илүү явж байна. Гэхдээ хамгийн сүүлд гараанаас гарах түүний хувьд эх орон нэгтнүүдээ ялалтаар баярлуулах нь амаргүй байх болно. Сүүлийн хоёр гараанд түрүүлсэн одоогийн дэлхийн аварга, Их Британийн уралдаанч Ландо Норрис /Макларен/ Монцад ялалтын цувралаа үргэлжлүүлэхийг хичээх нь ойлгомжтой. Хувийн дүнгээр тэрбээр 4 дүгээрт явж байгаа бөгөөд эх орон нэгтнүүдээсээ 24 оноогоор хоцорч байгаа юм. Нидерландын уралдаанч Макс Ферстаппен /Ред Булл/ эх орондоо осолд орсны дараа Италид сэргэлт авахыг хичээх бөгөөд хамтрагчаар нь Шинэ Зеландын Лиам Лоусон дахин уралдана.  

Италийн Гран-При бол “Формула-1”-гийн хамгийн анхны гараануудын нэг бөгөөд уламжлал ёсоор Монцагийн уралдааны замд болдог. Харин цорын ганц удаа буюу 1980 онд Имола хотын замд явагджээ. Тус Гран-Прид хамгийн олон удаа түрүүлсэн уралдаанчид бол дэлхийн 7 удаагийн аварга Хэмилтон, Шумахер нар бөгөөд тэд тус бүр 5 удаа аваргалсан байна. Одоо уралдаж буй тамирчдаас Ферстаппен 3 удаа, Испанийн Фернандо Алонсо, Монакогийн Шарль Леклер нар тус бүр 2 удаа, Францын Пьер Гасли нэг удаа түрүүлжээ.

Чөлөөт уралдааны эхний хэсэг Москвагийн цагаар 13:30 цагт, хоёр дахь хэсэг 17:00 цагт эхэлнэ. Бямба гарагт III чөлөөт уралдаан болон сонгон шалгаруулах уралдаан болно. Ням гарагт үндсэн уралдаан /16:00 цагт/ болсноор Гран-При өндөрлөнө. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн