Л.Месси шигшээ багаасаа явж байна

МОСКВА, 2026 оны есдүгээр сарын 1 /РИА Новости/.  Аргентины шигшээ багаас зодог тайлж буйгаа алдарт хөлбөмбөгчин, 2022 оны дэлхийн аварга  Лионел Месси албан ёсоор зарлан мэдэгдлээ.

“ДАШТ-ий финалын дараа удтал бодсоны эцэст үндэсний шигшээ багаасаа явахаар шийдсэнээ хэлэхийг хүсэж байна. Энэ бол хэцүү шийдвэр байсан бөгөөд одоо ч гэсэн сэтгэл өвдсөн хэвээр байна, гэхдээ яг одоо явах цаг болжээ гэдгийг би ойлгож ухамсарласан”  хэмээн тэрбээр Инстаграм хуудсандаа бичжээ.

Өнгөрсөн зун болсон ДАШТ-нд Аргентины шигшээ баг финалд шалгарч, нэмэлт цагт Испанийн багт 0:1 харьцаагаар хожигдсон билээ. Тэмцээний үеэр 39 нас хүрсэн Месси 8 гоол оруулж, 4 оновчтой дамжуулалт өгсөн бөгөөд мэргэн буучдын жагсаалтад Францын хөлбөмбөгчин К.Мбаппегийн /10 гоол/ дараа бичигдсэн юм.

“Зөвхөн сүүлийн хэдэн жилд бус өмнө нь ч би бүхий л хүчээ дайчлан зориулсан гэдгээ тангараглан хэлье. Танд баяр баясгалан бэлэглэж, аргентин хүн гэдгээрээ бахархах сэтгэлийг төрүүлэхийн тулд би  үргэлж тэмцэж, бүхнээ зориулсаар ирсэн. Сүүлийн 20 жилийн туршид надад хайраа харамгүй бэлэглэж байсанд баярлалаа. Одоо би та бүхнийхээ нэг нь болж, баярт мөчүүдэд төдийгүй хүнд хэцүү  үед багтаа урам зориг өгч, дэмжих болно” гэж Месси өгүүлжээ.

Тэрбээр энэ шийдвэрийг долоодугаар сарын 21-нд буюу ДАШТ-ий финалын тоглолтоос хоёр хоногийн дараа гаргасан гэдгээ хэлээд “аав минь нас барсны дараа миний шийдвэр зөв байжээ гэдгийг улам илүү мэдэрсэн” гэлээ. Түүний эцэг Хорхе Месси хүүгийнхээ спортын замналыг удирдан чиглүүлсээр ирсэн бөгөөд 8 дугаар сарын 7-нд 68 насандаа таалал төгссөн юм.

Л.Месси Аргентины шигшээгийн бүрэлдэхүүнд 207 тоглолтод оролцохдоо 125 гоол оруулсан бөгөөд Америкийн цомыг 2 удаа хүртэж, 2022 оны ДАШТ-д түрүүлж, 2014, 2026 онуудад ДАШТ-ий мөнгөн медаль хүртэж, 2022 онд “Финалиссима” тоглолтод аваргалж байв.

Тэрбээр 2023 оноос хойш Хойд Америкийн хөл бөмбөгийн тэргүүн лигийн /MLS/ “Интер Майами” багт тоглож байгаа билээ. Өмнө нь Францын ПСЖ, Испанийн “Барселона” багуудад тоглож байсан бөгөөд “Барса”-д байхдаа Аваргуудын лигт 4 удаа, УЕФА-гийн Супер цомд 3 удаа, мөн клубүүдийн ДАШТ түрүүлж байв. 

Зургаан удаа ДАШТ-д оролцсон Месси бол “Алтан бөмбөг” шагналыг 8 удаа хүртсэн түүхэн дэх цорын ганц хөлбөмбөгчин билээ.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн