БИШКЕК, 2026 оны есдүгээр сарын 1 /ТАСС/. ОХУ-ын Спортын сайд бөгөөд Оросын Олимпын хорооны дарга Михаил Дегтярев, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Жуковын Алдаржавхлан нар Монголд бөмбөгтэй хоккей болон шайбтай хоккейг хөгжүүлэх талаар тохиролцлоо. Энэ тухай сайд М.Дегтярев Телеграм сувгийн хуудсандаа бичжээ.
Хоёр сайд Бишкек хотод болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын нээлтийн ёслолын өмнө уулзсан байна.
“Монголд шайбтай хоккей, бөмбөгтэй хоккейг хөгжүүлэх, Монголын багуудыг “Алтан шайб”, “Владислав Третьякийн цом”-ын тэмцээнүүдэд оролцуулах, “Хөдөлмөр, батлан хамгаалахад бэлэн” хөтөлбөрийг нэвтрүүлэх талаарх туршлагаа хуваалцах, өндөр технологийн спортын төрлүүдийг хөгжүүлэх талаар бид тохиролцлоо” хэмээн Дегтярев бичжээ.
“Энэ онд бид Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэж байна. Ерөнхийлөгч В.В.Путиний хэлсэнчлэн, найрамдалт хөрш Монгол Улстай стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаагаа хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын гол чиглэлүүдийн нэг билээ. Бид спортын талбарт хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлж байна. Жилийн туршид 50 орчим спортын, бэлтгэл сургуулилтын, боловсролын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Оросын 300 гаруй тамирчид Монголд болсон тэмцээнүүдэд оролцсон бол Монголын тамирчид ч мөн адил Орост болж буй уралдаан тэмцээнүүдэд оролцож байна” гэж сайд бичсэн байна.