“Senzu” сэлгээ рүү шилжсэнээс хойш “The MongolZ” багийн тогтвортой тоглолт үгүй болж, бүрэлдэхүүний хувьд учраа олохгүй явна. Сүүлд л гэхэд “Techno”-ийн оронд “cobrazera”-г эргүүлэн үндсэн багт дуудав. Энэ шилжилтээс улбаалан “Techno”-г “BC.Game” багт нэгдэх тухай цуу яриа гарч эхэллээ.
“The MongolZ” баг өчигдөр/2026.09.03/ “FISSURE Playground 3” тэмцээнд “Techno” оролцохгүй бөгөөд түүний оронд “cobrazera” тоглоно гэдгийг зарласан. Гэхдээ багийн зүгээс “Techno” яагаад тэмцээнийг өнжиж байгаа талаар ямар нэгэн тайлбар өгсөнгүй.
Ийнхүү шалтгаан нь тодорхойгүй үлдсэн учир түүнийг багаа орхих гэж байгаа гэх таамаг гарах нэг шалтгаан болжээ. Цахим спортын хүрээлэл дунд “Techno”-г “BC.Game”-ийн бүрэлдэхүүнд нэгдэх боломжтой гэсэн таамаг гарчээ.
Хэрэв ийм шилжилт бодит болвол “BC.Game”-ийн хувьд Азийн бүсийн чансаанд өрсөлдөх боломжтой. Тус баг энэ жил “The MongolZ”-оос “Senzu” болон “mzinho” нарыг ээлж дараалан элсүүлсэн билээ.
Гэхдээ одоогоор “Techno”-г “BC.Game”-д нэгдэнэ гэх албан ёсны мэдээлэл гараагүй байна. Мөн түүнийг “The MongolZ”-ийг орхих гэж байгаа эсэх нь ч батлагдаагүй.
“BC.Game”-ийн бүрэлдэхүүнд одоогоор “s1mple”, “electroNic”, “Magisk” зэрэг тоглогчид багтаж байгаа бөгөөд сүүлийн саруудад тус багт хэд хэдэн өөрчлөлт гарсан.
“Techno”-ийн ирээдүйн талаарх таамаг гарах болсон өөр нэг шалтгаан нь түүний сүүлийн үеийн тоглолттой холбоотой. Тодруулбал, “HLTV”-ийн мэдээллээр тэрбээр сүүлийн тоглолтуудад 1.00-аас доогуур рейтингтэй цөөнгүй тоглосон. Түүний тогтворгүй тоглолт нь сэлгээнд суулгах шалтгаан болсон гэлтэй.
Гэхдээ одоогоор дээрх мэдээлэл зөвхөн цуу яриа төдий. Ямартай ч есдүгээр сарын 8-нд эхлэх тэмцээнд “cobrazera” түүнийг орлон тоглоно. “The MongolZ”-ийн эхний өрсөлдөгч нь Бразилын “MIBR” баг.