FASHION
Хэрэв та “OpenAI”, “Perplexity”, “Anthropic”, “Cohere” зэрэг хиймэл оюуны компаниудын үнэнч шүтэн бишрэгч биш л бол тэдний сүүлийн үед гаргаж эхэлсэн хувцаснууд танд төдийлөн таалагдахгүй болов уу. “Perplexity”-ийн “Curious” гэсэн бичигтэй хүрэм 135 ам.доллар, “Cohere”-ийн ар талдаа “The Material of Now” гэж бичсэн богино ханцуйтай цамц 41 ам.доллар, “OpenAI”-ийн “Research” гэсэн бичигтэй цахилгаантай цамц 175 ам.доллар, “Palantir”-ын хүрэм 239 ам.долларын үнэтэй. Эдгээрийг худалдаж авах сэдэл танд төрөх магадлал тун бага. Тэгээд ч эдгээрийн зарим нь хэдийнэ зарагдаад дуусч.
Тэгвэл технологийн салбарынхан хиймэл оюуны компаниудын энэ чиг хандлагыг таатай хүлээж авчээ.
Тухайлбал, кибер аюулгүй байдлын “SocialProof Security” компанийн гүйцэтгэх захирал Рэйчел Тобак “OpenAI”-ийн шинэ цуглуулгуудын талаар “Ядаж байхад арай л гоё юм аа, авмаар л санагдаж байна” гэж хошигножээ. Түүнчлэн үүлэн тооцооллын “Digital Ocean” компанийн Хаймантика Митра “Технологийн компанийн мерч бараанууд уйтгартай байхаа больсныг харахад таатай байна” гэжээ.
“OpenAI”-ийн мерч загварын санаа, шийдэл хариуцсан захирал Бен Кингийн хэлснээр тэд бүтээгдэхүүнээрээ өөрсдийгөө илэрхийлэхийг нэн тэргүүнд зорьдог. Үүний зэрэгцээ хамт олонтойгоо ойр байж, тэдний юу өмсөж байгааг ажигласны эцэст загвараа гаргасан аж. Тэдний ажигласнаар орчин үед технологийн компанийн ажилтнууд энгийн богино ханцуйтай цамц, малгайгаар л гангардаг болжээ. Энэ төрлийн хувцас бол тэдний хувьд дүрэмт хувцас.
Бэлэн болсон загваруудыг анхандаа зөвхөн дотооддоо л өмсөхөөр төлөвлөсөн байжээ. Гэвч цөөхөн тоогоор олон нийтэд санал болгоод үзье гэсэн нь санаанд оромгүй амжилт дагуулж, цуглуулга хэдхэн хоногт зарагдаж дууссан байна.
Тэдний цуглуулгыг Лондон дахь технологийн “Vercel” компанид дадлага хийж буй Давид-Александру Илие 220 ам.доллараар худалдаж авчээ. Мөн хүргэлтийн төлбөрт нэмэлтээр 100 гаруй ам.доллар төлсөн.
Түүний хэлснээр “OpenAI”-ийн мерчийг өмсөх нь хиймэл оюуны салбарт тодорхой хэмжээнд ойр, мэдлэгтэй нэгэн гэдгийг нь илэрхийлж байгаа аж.
Коннектикут мужид технологийн зөвлөх үйлчилгээний компани ажиллуулдаг Рори Берниер “Perplexity”-ийн багаас бэлгэнд авсан юүдэнтэй цамцаа өмсөхдөө өөрийгөө дуртай компанитайгаа ойр холбоотой нэгэн болсон мэтээр мэдэрдэг. Тэрбээр “Үүнийг өмсөх нь би хиймэл оюуны давалгааг зүгээр нэг гаднаас нь ажиглаад сууж байгаа биш, харин яг дунд нь явж байна гэсэн санааг илэрхийлдэг” гэжээ.
Нэг үгээр хэлбэл, тэдэнд төрж буй мэдрэмж таны дуртай хөлбөмбөгчнийхөө өмсгөлийг өмсөх үеийн мэдрэмжтэй дүйцнэ.
Гэхдээ ийм төрлийн мерчийг бүгд эерэгээр харсангүй. Ялангуяа загварын салбарынхан.
“Миний католик сургуулийн дүрэмт хувцас хүртэл үүнээс илүү донжтой байсан” гэж гэрэл зурагчин, зохиолч Гэвин Моултон хэлсэн бол загвар зохион бүтээгч Ж.Д. Ривз “Манай технологийн салбар өөрсдийн жижигхэн хүрээллээсээ нэг алхам гараад харах хэрэгтэй байх. Програм хангамжийн логотой хувцас өмсөх нь бусдын нүдэнд зүгээр л нэг хэнхэг амьтан мэт харагдуулдаг гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй” гэжээ.
Хиймэл оюуны компаниуд мерчээ гаргахдаа хэдийнэ хуучирсан загваруудаас санаа авсан гэж зарим шүүмжлэгч үзэж байна. Тухайлбал, “OpenAI”-ийн цуглуулгыг “Kith” болон “Aimé Leon Dore” брэндийн сүүлийн үеийн загваруудыг дуурайсан гэж үзсэн. Эдгээр брэнд нь сүүлийн хэдэн жилд энгийн сүлжмэл хувцас, дөрвөлжин сул эсгүүртэй цамцнуудыг моод болгосон юм.
Сайн муугаар хэлэгдэж байгаа ч эцсийн дүндээ хиймэл оюун ухааны компаниудын мерчүүдийн ард зөөлөн хүчний бодлого бий.
Эдгээр бүтээгдэхүүн нь хиймэл оюуны компаниудыг илүү зөөлөн, дотно дүр төрхтэй болгож байна. “Ирээдүйд улам олон технологийн компани зүгээр нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг компани биш, харин хүмүүсийн амьдралын хэв маягийг илэрхийлдэг брэндүүд болно” гэж “Plumsoda” агентлагийн хамтран үүсгэн байгуулагч Жохер Хан хэлжээ.
Гэхдээ загвар зохион бүтээгч Рудник үүнийг өөр өнцгөөс харж байна. Түүний үзэж байгаагаар ийм мерч бүтээгдэхүүн нь хиймэл оюуны компаниудтай холбоотой маргаантай асуудлуудыг хүмүүсийн анхаарлаас холдуулах нэг арга байж болох юм.
Жишээлбэл, “OpenAI” болон “Anthropic” компаниуд АНУ-ын Батлан хамгаалах яамтай хамтран ажиллаж байсан. “Anthropic” нь хиймэл оюуны загвараа сургахдаа зохиогчийн эрхтэй материалыг зөвшөөрөлгүй ашигласан гэх маргаанд холбогдсон гэх мэт асуудал бий.
Технологийн компаниуд сүүлийн жилүүдэд зөвхөн технологи бүтээхээс гадна өөрсдийн соёл, дүр төрхийг бий болгоход илүү анхаарч эхэлжээ. Өмнө нь Цахиурын хөндийн программ хангамжийн инженерүүдийг хувцас загварт огт санаа тавьдаггүй хүмүүс байдаг гэж нийтээрээ төсөөлдөг байсан. Стив Жобсыг л бодоод үз л дээ.
Өнөөдөр хиймэл оюуны хэрэгслүүдийн ачаар код бичих чадвар илүү хүртээмжтэй болсон тул тэд бусдаас ялгарахыг хичээж эхэлсэн байна. Өмнө нь хувцас сонголтод цаг үрэхгүй байж гэмээнэ ашигт үйлийн коэффиценттой ажилладаг байж. Харин одоо савлуур эсрэг зүгт савлаж байна. Хүн бүхэн ижил хэрэгслүүдийг ашиглаад эхэлсэн тул соёл, дүр төрхөөрөө ялгарах шаардлага гарч ирлээ.
Нэг талаасаа энэ мерчүүд хиймэл оюун ухааны мөн чанарыг илэрхийлж байж ч магадгүй юм. Үе үеийн, өөр өөр хэв маягийг хольсон, олон нийтэд ерөнхийдөө таалагдахуйц, хэнийг ч цочроогоод байхааргүй, тэгсэн хэрнээ өөрийн гэсэн тодорхой өнгө аяс, үзэл баримтлалгүй.
Тэдгээр цуглуулгын эцийн зорилго мэдээж хувцас биш. Харин брэндийн маркетинг. Энэ мерчүүдээр дамжуулан хиймэл оюуны компаниудыг хүмүүсийн хүсэж тэмүүлэх ёстой гоё зүйл мэтээр харагдуулж байна.