Теннесигийн хөдөө нутаг дахь туйлын ядуу амьдралаас Америкийн бүх цаг үеийн хамгийн алдартай дуучдын нэг болсон Долли Партон 80 насандаа таалал төгслөө. Тэрээр Мягмар гаригт (2026.08.25) таалал төгссөнийг түүний олон нийттэй харилцах албанаас мэдээлсэн бөгөөд үхлийн шалтгааныг тодорхойлоогүй байна. Гэвч өнгөрсөн тавдугаар сард Партон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан Лас Вегас хотод төлөвлөсөн цуврал тоглолтын хөтөлбөрөө цуцалсан удаатай.
Шаргал үс, гялалзсан тод хувцаслалт, хэвлүүхэн яриагаараа Партон сонсогчдынхоо хайрыг татаж, өөрийн хүчээр амжилтад хүрсэн хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон.
Тэрээр 70 жилийн карьерынхаа турш дэлхий даяар 100 сая гаруй ширхэг цомог борлуулж, “I Will Always Love You”, “9 to 5”, “Jolene” зэрэг сэтгэлд хоногшсон бүтээлүүдийг туурвисан билээ. Мөн каунтри болон “Rock & Roll” хөгжмийн алдрын танхимд заларсан юм.Бизнесийн талбарт Долли Партон Теннесид “Dollywood” хэмээх сэдэвчилсэн парк байгуулсан нь муждаа хамгийн их жуулчин татдаг цэг болон өргөжжээ. “Forbes”-ийн тооцооллоос харвал түүний нийт хөрөнгийн хэмжээ 450 сая орчим ам.доллар байсан байна.АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Партонд хүндэтгэл үзүүлэн АНУ-ын төрийн далбааг долоо хоногийн турш бөхийлгөх зарлиг гаргаж, “Түүн шиг хүн урьд өмнө төрөөгүй, цаашид ч төрөхгүй” хэмээн сошиал сүлжээн дэх постдоо онцолжээ.
Партоны дуунууд ядуу амьдралын хүндхэн өдрүүд, хайр дурлал, гарз хохирол болон эмэгтэйчүүдийн хүч, оюун ухааны талаарх гүн гүнзгий түүхүүдийг өгүүлдэг.
Тиймээс түүний амьдралыг зургаан алдарт дууны өнцгөөс эргэн харцгаая.“COAT OF MANY COLORS”Долли Партоны өөрийнх нь хамгийн дуртай дуунуудын нэг бол 1971 онд гаргасан “Coat of Many Colors” буюу “Олон өнгийн хүрэм” хэмээх уянгын дуу юм. Энэхүү дуу нь Партоны бага насны амьдралаас сэдэвлэсэн бөгөөд тэрээр 12 хүүхэдтэй айлын нэг болж, ядуу тарчиг өссөн ч гэр бүлийн хайр халамжаар дүүрэн байсан тухай өгүүлдэг. Партон “Songteller: My Life in Lyrics” номдоо уг дууг “олон зүйлийг өгүүлсэн бяцхан түүх” хэмээн тодорхойлжээ. Дуугаар дамжуулан дээрэлхэлт, бусдыг хүлээн зөвшөөрөх, хайр, эцэг эхийн зөв хүмүүжлийн талаар өгүүлдэг байна.
“Бидэнд мөнгө байгаагүй ч би хамгийн баян хүн шиг байлаа. Учир нь ээжийн минь оёж өгсөн олон өнгийн хүрэм надад байсан” хэмээн дууны үгэнд гардаг. Уг дууг Шаниа Твейн, Эва Кэссиди зэрэг олон уран бүтээлч дахин дуулсан билээ. Мөн “Rolling Stone” сэтгүүл Партоны шилдэг 50 дууны жагсаалтад уг дууг хоёрдугаарт эрэмбэлжээ. Тус сэтгүүл 2023 онд “Хэрэв энэ нь түүний бичсэн цорын ганц дуу байсан бол түүний бахархал, зовлон шаналлыг бүхэлд нь илэрхийлсэн гэж хэлж болно. Долли Партоны нэрийг хөгжмийн түүхэнд мөнхөд үлдээхэд хангалттай уран бүтээл” гэж үнэлсэн байна. “Coat of Many Colors” нэрээр Партон хүүхдийн ном гаргасан бөгөөд түүний бага нас, дуучин болох мөрөөдлийн тухай 2015 онд телевизийн кино ч бүтээжээ. Мөн Партоны ээж Эви Ли Партон охиныхоо “Dollywood” хүрээлэнгийн музейд хадгалуулахаар шинэ хүрэм хүртэл оёж өгсөн байдаг.
“JOLENE”
Партон нөхөр Карл Динтэйгээ харилцах харилцаа, гэр бүлийн амьдралаас сэдэвлэсэн олон дуу бичсэн. Тэд 1966 онд гэрлэж, Дин Нэшвилл хотод асфальт замын бизнес эрхэлдэг байжээ. Тэдний гэрлэлтийн эхэн үед нэгэн улаан үстэй банкны ажилтан Динийн анхаарлыг татсан байна. Тэр эмэгтэй Динд сээтэгнэж байсан бөгөөд Партон нөхрөө алдахаас айж, энэ үйл явдлаас санаа авч “Jolene” дуугаа бичжээ. Уг дуу 1974 онд Грэммийн шагналд нэр дэвшиж, “Billboard”-ын “Hot Country Singles” жагсаалтыг тэргүүлсэн Партоны хоёр дахь сингл болсон юм. Мөн энэ дуу түүний “Billboard Hot 100” жагсаалтад анх удаа багтсан бүтээл болж, 60 дугаарт бичигджээ.
“Jolene” дуу нь Партоны хайр сэтгэлээ авч үлдэх гэсэн чин сэтгэлийг харуулдгаараа онцлог. Тэрээр өрсөлдөгч эмэгтэйгээс нөхрийг нь булаахгүй байхыг гуйдаг.
Партон 2008 онд ярилцлага өгөхдөө нөхөрт нь тухайн банкны ажилтан ихээхэн анхаарал хандуулдаг байсан гэж ярьжээ. Тэд энэ талаар хоорондоо тоглоом болгон ярилцдаг байсан аж. Партон нөхөртөө “Чи банкинд их цаг өнгөрөөдөг болжээ. Бидэнд тийм их мөнгө байгаа гэж бодохгүй байна” хэмээн хошигнодог байжээ. Партон 18 настайдаа дуучин болох мөрөөдлөөр Нэшвиллд анх очихдоо угаалгын газрын гадаа Карл Динтэй танилцжээ. Тэд 60 орчим жил ханилсан бөгөөд Дин 2025 онд нас барсан юм.
Карл Дин хувийн амьдралаа олны анхаарлаас хол байлгадаг хүн байв. Партон 2023 онд ярилцлага өгөхдөө “Jolene” дууг бичихэд нөхөр нь бага зэрэг санаа зовж байсан ч тухайн явдал үнэндээ дууны үгэнд гардаг шиг ноцтой байгаагүй гэж хэлсэн байна. Партоны хэлснээр тэрээр зүгээр л нөхрийнхөө сээтэгнэж байсан үзэсгэлэнтэй эмэгтэйд атаархсан бөгөөд үүнээс санаа авч дуугаа бүтээжээ.
Партон “Хүн бүрийн амьдралд нэг Jolene байдаг” хэмээн хошигнон хэлсэн байдаг.
“Jolene” нь Долли Партоны хамгийн алдартай дуунуудын нэг бөгөөд “Spotify” платформд 913 сая гаруй хандалт авсан. “Rolling Stone”, “The Guardian” зэрэг хэвлэлүүд уг дууг түүний хамгийн шилдэг бүтээлүүдийн нэгээр нэрлэсэн байна. Мөн Бейонсе 2024 онд гаргасан “Cowboy Carter” цомогтоо “Jolene” дууг шинэчлэн дуулсан. Тэрбээр дууны “Би чамаас гуйж байна, миний эрийг битгий булаагаач” гэсэн санааг “Анхааруулж байна, миний эрд битгий халд” гэсэн илүү хатуу өнгө аястай болгож өөрчилжээ.
“I WILL ALWAYS LOVE YOU”
Нэр нь романтик сонсогдож байгаа ч Партоны 1974 онд гаргасан “I Will Always Love You” дуу нь хайр дурлалын тухай биш юм. Харин тэрээр бие даасан уран бүтээлч болох хүсэлтэй байгаагаа хөгжмийн багш, уран бүтээлийн зөвлөгч нь болох Портер Вагонерт илэрхийлсэн дуу юм. Партон 21 настайдаа Вагонерын хөтөлдөг телевизийн нэвтрүүлэгт оролцож эхэлсэн байна. Тэд хамтран олон дуу гаргаж, аялан тоглолт хийдэг байсан тул үзэгчид тэднийг хосууд гэж боддог байжээ.
Гэвч тэдний харилцаа ээдрээтэй байсан. Тухайлбал, Партон хожим өөрийнх нь уран бүтээлийн амжилтыг Вагонер “аюул заналхийлэл” гэж хардаг байсан мэт санагддаг байснаа дурссан байдаг. Дуунд Партон “Гашуун, сайхан дурсамжууд, би өөртөө авч үлдэх зүйлс минь энэ” хэмээн дуулдаг.
Тус дууны гунигтай атлаа уян зөөлөн өнгө аясыг хөгжмийн шүүмжлэгчид өндрөөр үнэлдэг билээ. Элвис Пресли 1974 онд уг дууг дахин дуулахаар төлөлвлөж Партонтой тохиролцсон байдаг. Гэвч Партоны менежер уг дууны зохиогчийн эрхийн тал хувийг шаардсан. Улмаар Партон тохиролцоогоо цуцалжээ. Тэрээр тухайн үедээ энэ шийдвэрийг гаргахдаа маш их шаналж, “шөнөжин уйлсан” гэж хожим ярьсан байдаг.
Партон 1982 онд “The Best Little Whorehouse in Texas” кинонд тоглохдоо “I Will Always Love You” дуугаа дахин бичүүлжээ.
Гэхдээ уг дууны хамгийн алдартай хувилбарыг дуучин Уитни Хьюстон 1992 онд “The Bodyguard” кинонд зориулан дуулсан юм. Хьюстоны дуулсан хувилбар нь АНУ-ын хамгийн их борлуулалттай синглүүдийн нэг болсон. Партон Хьюстоны хувилбарыг анх радиогоор сонсохдоо маш их сэтгэл нь хөдөлж, осол гаргахаас сэргийлэн машинаа замын хажууд зогсоохоос өөр аргагүй болсон гэж ярьжээ.
Тэрээр Хьюстон өөрийнх нь “бяцхан кантри дууг” огт өөр түвшинд хүргэж, “илүү агуу зүйл” болгосон хэмээн үнэлсэн билээ.
“LIGHT OF A CLEAN BLUE MORNING”
Партон багш Вагонероос уран бүтээлийн замаа салгасны дараа илүү эрх чөлөөтэй болж, шинэ итгэл найдвар, өөдрөг үзэл, сүсэг бишрэлээр дүүрэн болсон байна. Энэ мэдрэмжийг 1977 онд гаргасан “Light of a Clear Blue Morning” дуугаараа илэрхийлжээ. Партон Вагонерын ажлын өрөөнөөс гарч, тэдний хамтын уран бүтээлийн зам төгссөний дараа бороо ихтэй үед машинаар гэр рүүгээ харьж байжээ. Тэр үед тэнгэрийн үүл сарниж, нар гарч ирсэн нь түүнд шинэ дууны санаа төрүүлэхэд хүрсэн байна.
Хүүхэд байхдаа сүмд анхлан дуулж эхэлсэн Партон энэ дуугаа “авралын дуу” хэмээн нэрлэжээ.
Түүний хувьд уг дуу нь бие даасан уран бүтээлч болж, амжилтын замд гарахад нь урам зориг өгсөн бүтээл болсон байна. Мөн уг дууны үгийг 1992 онд Партон өөрөө тоглосон романтик инээдмийн “Straight Talk” киноны дууны цомогт зориулан шинэчлэн боловсруулжээ. 2026 оны эхээр Партон хүүхдийн хорт хавдрын судалгаанд зориулан уг дууг дахин шинэ хувилбараар гаргасан байна. Энэхүү шинэчилсэн хувилбарт түүний загалмайлсан охин Майли Сайрус, Лэйни Уилсон, Куин Латифа, Реба нар оролцжээ.
“9 TO 5”
1980 онд гарсан “9 to 5” дуу нь Долли Партоны уран бүтээлийн замналд хамгийн том өөрчлөлт авчирсан бүтээлүүдийн нэг байв. Эмэгтэйчүүдийн эрх, хөдөлмөрийн шударга байдлыг илэрхийлсэн энэ дуу Партоныг кантри хөгжмийн хүрээнээс гаргаж, дэлхийн үзэгчдэд хүргэсэн юм. Партон уг дууг өөрийн анхны кино болох “9 to 5” инээдмийн киноны гол дуу болгон бичжээ. Тэрээр уг кинонд Жейн Фонда, Лили Томлин нарын хамт тоглосон юм.
Кинонд нэг компанид ажилладаг гурван эмэгтэй өөрсдийг нь дарамталж, ялгаварлан гадуурхдаг даргаасаа өшөө авч, түүнийг эрх мэдлээс нь буулгахыг оролдож буй тухай өгүүлдэг. Дууны эхэнд сонсогддог өвөрмөц товшилтын чимээ нь Партоны өөрийнх нь хиймэл хумсны дуу ажээ. Тэрээр дуугаа бичихдээ киноны зураг авалтын үеэр харсан зүйлсээс санаа авч, “Өглөө орноосоо өнхөрч босоод гал тогоо руу бүдэрч очно” гэх мэт мөрүүдийг зохиосон байна. Улмаар хумсны товшилт нь бичгийн машины чимээтэй адилхан сонсогдож байгааг анзаарчээ. “9 to 5” дуу нь хөгжмийн жагсаалтыг тэргүүлж, Партонд хоёр Грэммийн шагнал авчирсан бөгөөд Оскарын шагналд нэр дэвшсэн байна. Уг дуу болон кино нь ихээхэн амжилт дагуулсан тул “9 to 5” нэртэй Бродвейн мюзикл болон баримтат кино ч бүтээгдсэн юм.
“ISLAND IN THE STREAM”
Караокед хамгийн их дуулагддаг хит дуунуудын нэг болсон “Islands in the Stream” дууг Долли Партон, Америкийн кантри хөгжмийн алдарт дуучин Кенни Рожерс нар хамтран дуулжээ. Тус дуу нь Рожерсийн 1983 онд гаргасан “Eyes That See in the Dark” цомгийн гол сингл болж, хэдэн сая хувь борлогдсон байна. Мөн кантри болон поп хөгжмийн жагсаалтыг нэгэн зэрэг тэргүүлжээ.
“Islands in the Stream” дууг анх Bee Gees хамтлагийн ах дүү Барри, Робин, Морис Гибб нар бичсэн бөгөөд Мотауны хэв маягтай дуу болгохоор төлөвлөж байжээ. Дараа нь Bee Gees өөрсдөө уг дууг бичиж, тоглолтууддаа дуулсан байна.
Гэсэн ч Партон, Рожерс нарын хувилбар нь кантри-поп хөгжмийн түүхэн дэх хамгийн алдартай дуунуудын нэг хэвээр үлджээ.
Партон 2023 онд уг хамтын уран бүтээлийнхээ талаар “Энэ дуунаас хамгийн их бахархал мэдэрдэг” хэмээн ярьсан байна. Тэрээр мөн Барри Гибб, Кенни Рожерс зэрэг алдарт уран бүтээлчидтэй хамтран ажиллахдаа сайн дуулахыг хүсдэг байсан ч өөрийнхөөрөө байж, өөрийн хэв маягаа хадгалахыг үргэлж эрхэмлэдэг гэжээ.