“Тогтвортой дэд бүтэц” хэлэлцүүлгээр уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэв

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-гийн хүрээнд Зам, тээврийн яам, Хот байгуулалт, Барилга, орон сууцжуулалтын яам, Хархорум хотын захиргаатай хамтран “Тогтвортой дэд бүтэц” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр зам, тээврийн салбарын хөрөнгө, оруулалтын төслүүд, цэвдэгтэй бүс нутгийн авто замын төлөвлөлт, инженерчлэл, хүйтэн бүсийн замын төлөвлөлт, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийн стандарт, олон улсын практик туршлагыг судлах, нэгдсэн бодлого, төлөвлөлт, санхүүжилтээр шийдвэрлэх боломжийн талаар санал солилцов.

Үйл ажиллагааг нээж, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол нь улс орнуудын нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд томоохон сорилт дагуулж буй энэ цаг үед зам, тээврийн салбарын бодлогыг байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох байдлаар төлөвлөн хэрэгжүүлэх нь бидний нэн тэргүүний зорилтын нэг болж байгааг онцоллоо.

Тэрбээр Монгол Улс бүс нутаг, цаашлаад дэлхий дахины тогтвортой хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах, улмаар бүс нутгийн эдийн засгийн өсөлт, хөгжлийн үр шимээс хүртэх боломжийг бий болгохын тулд зам тээврийн салбар нь тээврийн дэд бүтцийн холболтыг өргөжүүлж, бүх төрлийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийн төлөө зорин ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Зам, тээврийн яам нь авто, төмөр зам, иргэний нисэх, логистикийн сүлжээг өргөжүүлэн, хөгжүүлэхэд “Ногоон ба Тогтвортой хөгжил”-ийн зарчмыг баримталж буйг тодотгов. Тус яамны зорилго нь  тээврийн дэд бүтцийн сүлжээг өргөжүүлэх, бүс нутгийн тээврийн дэд бүтцэд холбогдох, түргэн шуурхай, найдвартай, аюулгүй тээвэрлэлтийг гүйцэтгэхээс гадна байгаль орчинд ээлтэй тээврийн дэд бүтцийг байгуулж, тээвэрлэлтээс хүн ам, байгаль орчинд үүсэх сөрөг нөлөөллийг бууруулахыг зорьж байна.

Хэлэлцүүлэгт Зам, тээврийн яам, Хот байгуулалт, Барилга, орон сууцжуулалтын яам, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, олон улсын болон судалгааны байгууллагын төлөөлөл оролцож, авто, төмөр зам, тээвэр логистик, иргэний нисэхийн салбарын инженерчлэл, хөрөнгө оруулалт, бодлогын шийдвэртэй илүү үр дүнтэй холбох талаар санал солилцлоо.

“Тогтвортой дэд бүтэц” хэлэлцүүлгээр уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн