Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлсэн Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлаас Монгол Улс урт хугацааны тогтвортой байдал, тогтвортой хөгжил, санхүүжилтийг хүлээж байгааг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир мэдээллээ.
Тэрбээр, СОР17 хурал амжилттай эхэлж, хангай дэлхий, цаг агаар ч таатай хүлээж авсныг дурдаад, “Олон нийт, сэтгүүлчид хурлын талаар олон зүйл хүлээж байгаа. Дөнгөж эхэлж байгаа учир үр дүн ярихад эрт байна. Өдөр бүр үр дүнгээ мэдээлнэ. Өнөөдөр үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг, 15 хорооны хурал эхэлж, төлөөлөгчид үгээ хэлж, байр сууриа илэрхийлж байна. Геополитикы асуудал байхыг үгүйсгэхгүй ч Монгол Улс эсрэг тэсрэг байр суурийг зөвшилцүүлэх, ойлголцуулах тал дээр хүндэтгэлтэй хандана. СОР16-гийн дарга Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгт СОР17-г даргалах эрхээ шилжүүлснээр манай улс дараагийн хоёр жил СОР-ыг даргалах юм. Бид хурлаас урт хугацааны тогтвортой байдал, тогтвортой хөгжил, санхүүжилтийг хүлээж байна. Оролцогч талуудын байр суурийг нээлттэй шуурхай мэдээлэхээр хэвлэл мэдээлэл хариуцсан дэд хороо ажиллаж байна” гэв.