Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын эхний хэвлэлийн хурал Хэвлэл мэдээллийн төвд боллоо.
Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчны дэд сайд, UNCCD COP16-гийн Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Осама Факеха мэдээллийнхээ эхэнд хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газар COP17 бага хурлыг зохион байгуулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж, сайтар зохион байгуулж буйд талархал илэрхийллээ. Тэрбээр мөн COP17 бага хурал нь олон талт оролцогчдын хувьд түүхэн ач холбогдолтой, чухал эргэлтийн цэг болж байгааг онцлов.
Осама Факеха цааш хэлэхдээ, “Энэхүү конвенцын хүрээнд газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудалд анхаарлаа төвлөрүүлсэн олон чухал уулзалт, хэлэлцүүлэг болж байна. Бидний хамгийн гол зорилго бол газрын ач холбогдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх явдал юм.
Бид бүх талаараа газраас хамааралтай атлаа үүнийг шавхагдашгүй нөөц мэтээр ашиглаж ирсэн. Түүнчлэн газар, далай, уур амьсгал хоорондын уялдаа холбоог бид хангалттай сайн ойлгож ирээгүй. COP16-гийн үеэр эдгээр харилцан хамаарал, холбоосыг тодорхой болгосон нь чухал ач холбогдолтой үйл явдал болсон.
Бид өмнөх шигээ байгалийн нөөцийг ашиглаж, асуудлыг хэвээр нь үргэлжлүүлэх боломжгүй болсон. Энэхүү конвенцын хүрээнд бид газрын менежмент, ашиглалтын арга барилаа өөрчлөх, доройтсон газрын нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын хувьд бэлчээрийн газар маш чухал ач холбогдолтой. Гэтэл бэлчээрийн газар нутаг ч мөн ихээхэн хэмжээгээр доройтолд өртөж байна. Энэ нь байгаль орчин төдийгүй мал аж ахуй, хүн амын амьжиргаанд шууд нөлөөлж байна.
Бид 2050 он гэхэд газрын доройтлыг бууруулах, доройтсон газрыг нөхөн сэргээх томоохон зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай. Өдгөө улс орнуудын ойролцоогоор 40 хувь нь газрын доройтлын талаарх мэдээллээ бүрэн тайлагнадаггүй. Зарим тооцооллоор 2050 он гэхэд энэхүү хэмжээ хоёр дахин нэмэгдэх эрсдэлтэй байна.
Тиймээс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц нь өнөөдөр урьд өмнөхөөсөө илүү чухал ач холбогдолтойд тооцогдож байна. Өнөөдөр бид эдгээр үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарч, олон талын оролцогчдын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна.
Энэ үйл явцад хүн бүр оролцох шаардлагатай. Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, уугуул иргэд, эмэгтэйчүүд, залуучууд гээд бүх талын оролцоо чухал.
Энэ бол зөвхөн нэг улс орны асуудал биш, дэлхий нийтийн асуудал юм. Тиймээс бид хамтдаа ажиллаж, хамтын хүчин чармайлт гаргаж байж л энэ асуудлыг шийдвэрлэж чадна” хэмээв.
