Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

, 2026 оны наймдугаар сарын 14Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулган өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулган Улаанбаатар хотноо болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг чуулганыг нээж хэлсэн үгэндээ, бэлчээрийн мал аж ахуйн өнө эртний түүхэн уламжлалтай Монгол Улс нь дэлхийн 100 гаруй орны малчдын эрх ашгийг хамгаалах, бэлчээрийн менежмент, ашиглалтыг сайжруулах, экосистемийн тэнцвэрийг хадгалах, дэлхийн хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсан болохыг онцлов.

Тэрбээр цааш хэлэхдээ, “Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулж, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, гангийн тэсвэржилтийг нэмэгдүүлэх, тогтвортой бэлчээрийн менежментийг дэмжих, хүнс, ус, газрын уялдаа холбоог бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх бодит шийдлийн талбар болгохыг зорьж байна.

Энэхүү бага хурлын хүрээнд Монгол Улсын санаачилсан “Тал хээрийн санаачилга” нь “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” гэсэн харилцан уялдаа холбоо бүхий гурван тэргүүлэх чиглэлд тулгуурлаж байна. Монгол Улс цаашид бэлчээр болон нүүдлийн мал аж ахуйн чиглэлээр мэдлэг, туршлага солилцох, хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөрийг дэмжих, олон улсын түншлэлийг өргөжүүлэх дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна.

Түүнчлэн мал аж ахуйн салбарт залуу үе, охид, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, боловсрол, санхүүгийн үйлчилгээ, зах зээлийн хүртээмжийг сайжруулах, мал аж ахуйг мэдлэг, инновац, технологид суурилсан өрсөлдөх чадвартай салбар болгон хөгжүүлэх нь бидний хамтын зорилт байх учиртай хэмээн бид үзэж байна” гэлээ.

Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулган Улаанбаатар хотноо болж байнаНҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Др.Ясмин Фуад, “Би малчин хүний ухааныг үнэхээр их бахархаж, урам авч, тэднээс өдөр бүр суралцдаг. Малчдын ахуй амьдралаас зөвхөн мал маллах биш даван туулах чадвар, тэсвэртэй байдлыг олж хардаг.

Малчин гэр бүл ямар хүнд хэцүүг даван туулж,  амьдралаа залгуулдаг, тэрхүү арга ухаанаа бусдад өвлүүлэн үлдээж, бэлчээр, газар нутгаа хамгаалах үүргийг хариуцлагыг тээж явдаг. Биднийг нэгтгэж буй үнэт зүйл болох газар, бэлчээр, нүүдлийн МАА-н соёлыг “амьд” байлгадаг малчдадаа баяр хүргэж, та бүхэн бидний бахархал юм шүү гэдгийг дахин дахин онцолж байна” хэмээв.

Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулган Улаанбаатар хотноо болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мөн үеэр хэлэхдээ, “Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг бэлчээр ба нүүдлийн МАА эзэмшигчдийн олон улсын жил болгон зарласан нь зөвхөн манай улсын төдийгүй дэлхийн улс орнуудын 500 гаруй сая малчин, нүүдэлчдийн хөдөлмөр, тэдний эко системд гүйцэтгэх асар их үүрэг хувь нэмрийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсөн түүхэн шийдвэр болсон. Тиймээс бид энэхүү чуулганаар гурван гол чиглэлийг нэгтгэн, бодит үр дүнд хүргэх шаардлагатай.

Үүнд нэгдүгээрт бэлчээрийн доройтлоос хамгаалах уламжлалт нүүдэл ба орчин үеийн шинжлэх ухааны ололтуудыг хослуулсан тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийг нэвтрүүлэх, хоёрдугаарт МАА эрхлэгчдийг аливаа эрсдэлд өртөх магадлалыг бууруулах, санхүүжилтийн механизм, даатгал, урьдчилан сэргийлэх тогтолцоог хөгжүүлсэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй МАА-г хөгжүүлэх, гуравдугаарт нүүдлийн МАА-гаас бэлтгэсэн түүхий эд, бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд өндөр үнээр нийлүүлж, залуу малчдыг дэмжих, нийгмийн баталгааг нь хангасан өртгийн сүлжээг бий болгох явдал юм” хэмээн тэмдэглэв.

Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулган Улаанбаатар хотноо болж байнаНҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын туслах, Мал аж ахуйн үйлдвэрлэл, эрүүл мэндийн хэлтсийн захирал Танават Тиенсин, “Би нэгэн мөчийг эргэн санахыг хүсэж байна. Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил хэрхэн эхэлснийг дурдахыг хүсэж байна. 2025 оны арванхоёрдугаар сард Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн албан ёсны нээлт болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон юм.

Тэр үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч болон ХХААБ-ын Ерөнхий захирал энгийн боловч нэгэн чухал алсын хараанд санал нэгдсэн юм. Тэд 2026 он бол зөвхөн тэмдэглэлт жил байх ёсгүй. Бодит үйл ажиллагааны жил байх ёстой гэж үзсэн. Ингэснээр дэлхийн бэлчээрийн МАА эрхлэгчд Монгол Улсад ийнхүү нэгэн дор цуглараад байна” хэмээн тодотголоо.

Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулган Улаанбаатар хотноо болж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, “Малчдын амьдралын хэв маяг өнөөдөр олон сорилттой тулгарч байна. Дэлхийн олон бүс нутагт мал аж ахуйн тогтолцооны амин сүнс болсон нүүдэл, шилжилт хөдөлгөөний боломж хумигдаж, уламжлалт нүүдлийн зам, гарц багасаж байна.

Бэлчээр нутаг хэсэглэн тасарч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, газар ашиглалтын өөрчлөлт, засаг захиргааны хил хязгаар нь малчдын амьжиргаа түшиглэдэг экологийн бодит зүй тогтлыг заримдаа орхигдуулах боллоо. Нүүдэл хөдөлгөөнийг хүрээлэн буй орчны сорилтод зохицсон нарийн боловсронгуй арга ухаан гэж үзэхийн оронд өнгөрсөн үеийн үлдэгдэл мэт ташаа ойлгох нь цөөнгүй.

Гэвч малчдын нүүдэл бол хөгжлөөс хоцорсны шинж огт биш. Харин ч эмзэг эко системийн тэнцвэр, сэргэн тэнхрэх чадавхыг хадгалан хамгаалдаг, амьдралаар шалгарсан үр дүнтэй тогтолцоо юм” гэсэн юм.

Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулган Улаанбаатар хотноо болж байна

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиерден, “Үндэсний гаргасан санаачилга хэрхэн дэлхийн санаачилга болдгийн хамгийн тод жишээг өнөөдөр бид харж байна. Өнөөдрийн яриа хэлэлцээрээс гарсан үр дүн дэлхийн шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчдад чухал баримт бичиг болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү танхимаас гарах гурван тунхаг бичиг нь бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, хөгжлийн түншүүдэд шийдвэр гаргалтын үндсэн баримт бичиг болох юм.

Монгол Улс дэлхийд нүүдлийн МАА-н уламжлал, хэв маяг, арга ажиллагаагаараа манлайлсан хэвээр байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээс гарах үр дүн болон тунхагууд энэхүү өрөөнөөс хальж, дэлхий дахинд нүүдлийн МАА-г олон улсын анхаарлын төвд аваачна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан бөгөөд энэхүү санаачилгыг дэлхийн 102 гаруй улс, 550 гаруй байгууллага дэмжсэн юм. Өнөөдрийн чуулганд 102 орны нүүдэлчид, малчдын байгууллага, иргэний нийгэм, их, дээд сургуулийн төлөөлөл болох 240 орчим гадаадын зочин, дотоодын 100 малчин оролцож байна. Чуулганаар уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэж, нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих тунхаглалын төслийг хэлэлцэн батлах юм.

Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулган Улаанбаатар хотноо болж байна

Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулган Улаанбаатар хотноо болж байна

Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулган Улаанбаатар хотноо болж байна

Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулган Улаанбаатар хотноо болж байна

Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулган Улаанбаатар хотноо болж байна

Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулган Улаанбаатар хотноо болж байна

Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулган Улаанбаатар хотноо болж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн