Одон орон судлаачид Далай ван гарагийн тойрог замаас цааш орших бүсээс урьд өмнө анзаарагдаагүй нэгэн мөсөн биетийг илрүүлжээ. “2026 ED138” гэж нэрлэсэн уг биет нь одой гарагт тооцогдох хэмжээтэй байж болзошгүйг судлаачид онцолж байна.
Урьдчилсан тооцоогоор уг гарагийн диаметр 600-1500 км хүрэх аж. Эрдэмтдийн үзэж буйгаар, уг биет хангалттай их масстай бол өөрийн таталцлын хүчний нөлөөгөөр бөмбөрцөг хэлбэрт орсон байх боломжтой. Энэ нь одой гарагт тавигддаг гол шаардлагын нэг юм.
Одоогоор Нарны аймагт Церера, Дэлхий ван, Хаумеа, Макемаке, Эрида гэсэн таван биетийг Олон улсын одон орон судлалын холбоо албан ёсоор одой гараг гэж хүлээн зөвшөөрөөд байгаа. Шинэ биетийн шинж чанарыг нарийвчлан судалж, ангиллыг нь тогтоовол энэ жагсаалт нэгээр нэмэгдэх боломжтой.
“2026 ED138”-ыг Харвард-Смитсонианы одон орны физикийн төвийн судлаач Мэтью Холман илрүүлсэн байна. Тэрбээр аравдугаар сарын 13-нд судлаач Кевин Нейпиртэй хамтран боловсруулсан тусгай программ ашиглан Вера Рубины нэрэмжит одон орны ажиглалтын төвийн өмнө нь бүрдүүлсэн мэдээллийн санг шинжилжээ.
Ингэх явцад Далай вангийн цаана байрлах хэдий ч бусад алслагдсан биеттэй харьцуулахад онцгой тод харагдах объектыг олж илрүүлсэн байна. Судлаачид гэрэл ойж буй шинж чанарт нь үндэслэн уг биет тухайн бүсийн бусад биетээс харьцангуй том хэмжээтэй байх магадлалтай гэж үзжээ.
Нарнаас асар хол зайд орших ийм биетүүдийг илрүүлэх нь амаргүй байдаг. Тиймээс энэхүү олдвор нь Нарны аймгийн захын бүсийн бүтэц, тэнд орших биетүүдийн хэмжээ, шинж чанарыг илүү нарийвчлан судлах боломж нээж байгаа юм.
