Аргентинчууд Мессигийн гоолгүйгээр хожжээ

ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 12 /TASS/. Аргентины шигшээ баг Швейцарын багийг хожиж, 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) хагас шигшээд шалгарлаа. Энэ удаад аргентинчууд Лионель Мессигийн гоолгүйгээр хожжээ.

Аргентины баг шөвгийн наймын энэ тоглолтод хожих магадлалтай багаар нэрлэгдэж байсан бөгөөд Лионель Месси тэмцээний өмнөх бүх тоглолтод гоолдсон байв.  Энэ удаад тэрбээр гоол оруулаагүй боловч гоолын дамжуулалт  өгч чадлаа. Тоглолтын 10 дахь минутад булангийн цохилтоос дамжуулсан түүний бөмбөгийг Алексис Макаллистер мөргөн гоол болгосон юм. Ингэснээр Месси ДАШТ-ий түүхэнд 10 гоолын дамжуулалт өгсөн анхны хөл бөмбөгчин боллоо.

Швейцарчууд тоглолтын 67 дахь минутад хариу гоол оруулжээ. Рикардо Родригес торгуулийн талбай руу шулуун дамжуулалт өгч, бөмбөгийг Дан Ндойе хүлээн авч баруун доод буланд оновчтой цохив. Гэвч үүнээс таван минутын дараа Швейцарын баг нэг хүний дутуутай үлдэв. Довтлогч Брил Эмболо жүжиглэн унаснаар хоёр дахь шар хуудсаар торгуулж талбайгаас хөөгджээ. Эхэндээ ерөнхий шүүгч Леандро Паредест анхааруулга өгсөн ч видео туслах шүүгчийн (VAR) зөвлөмжийн дагуу шийдвэрээ өөрчилж, Эмболод хоёр дахь шар хуудсыг үзүүлсэн байна. 

Үндсэн цаг 1:1-ийн харьцаатай тэнцээгээр дуусжээ. Гэвч сунгасан цагт хүнээр илүү аргентинчууд өрсөлдөгчөө шахаж тоглосон байна. Аргентины шигшээгийн хоёр дахь гоол тун уран байв. 112 дахь минутад Хосе Лопес бөмбөгийг Хулиан Альварест дамжуулж, тэрбээр торгуулийн талбайн шугам руу дөхөж орон, бөмбөгийг баруун дээд булан руу эргүүлэгтэй цохин гоолджээ.

Тоглолтын сүүлчийн гоолыг шүүгчийн өгсөн нэмэлт цагт Лаутаро Мартинес оруулсан байна. Тэрбээр хаалгачаас ойсон бөмбөгийг цохисноор гурав дахь гоолыг оруулж, тооны харьцааг 3:1 болгожээ.

Харин Лионель Месси энэ тоглолтод гоолдож чадсангүй. Ингэснээр түүний есөн тоглолт дараалан гоол оруулсан дээд амжилтын цуврал зогссон байна. Энэхүү цуврал нь 2022 оны ДАШТ-ий шөвгийн 16-гийн тоглолтоос эхэлсэн бөгөөд энэ хугацаанд Месси нийт 13 гоол оруулжээ. Түүнчлэн хасагдах шатанд зургаан тоглолт дараалан гоолдсон цуврал нь зогссон байна. Тэрбээр 2022 оны ДАШТ-ий хасагдах шатны дөрвөн тоглолтод, 2026 оны ДАШТ-ий хоёр тоглолтод гоолдсон юм.

Гэсэн хэдий ч Месси ээлжит дээд амжилтаа ахиуллаа. Тэрбээр ДАШТ-ий хасагдах шатанд хамгийн олон буюу 15 тоглолтод оролцсон үзүүлэлтээр ганцаар тэргүүлж, Германы довтлогч Мирослав Клозег ардаа орхилоо.

Аргентинчууд хагас шигшээд Норвегийн багийг (нэмэлт цагт 2:1-ээр) хожсон Английн шигшээ багтай тоглохоор боллоо. Хагас шигшээгийн тоглолт долоодугаар сарын 15-нд болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн