73 жилийн хүлээлтийн дараах сорилт

Ирландын жүжгийн зохиолч Жорж Бернард Шоу нэгэнтээ “Амьдралд хоёр эмгэнэл байдаг. Нэг нь зүрх сэтгэлийнхээ хүслийг биелүүлж чадахгүй байх. Нөгөө нь түүндээ хүрэх” гэж хэлсэн байдаг.

Хаан ширээнд суух ээлжээ 73 жил хүлээсэн III Чарльзыг эмгэнэлтэй дүр гэж харах амархан. Бүх насаараа хүсч мөрөөдсөн оргилдоо хүрээд дөнгөж гурван жил гаруй хугацаа л өнгөрөөд байхад түүнд олон том сорилт тулгараад байна. Эрүүл мэндийн асуудал, өндөр нас, Калифорнид амьдардаг хүүтэйгээ харилцаа муудсан, дүүтэй нь холбоотой Эпштейний дуулиан гээд түүнд асуудал мундахгүй их. Гэтэл үүн дээр нь одоо Трамп нэрмээс болж эхлэв.

Хаан III Чарльз, хатан Камилла нар энэ өдрүүдэд АНУ-д айлчилж байна. Угтаа бол энэ айлчлал хаан III Чарльзын хаанчлалын оргил мөч байх учиртай ч эсрэгээрээ эрсдэлтэй дипломат даалгавар болоод байна.

73 жилийн хүлээлтийн дараах сорилт

Атлантын далай дамнасан энэ харилцаа Их Британид ямар чухал болохыг америкчууд төдийлөн бүрэн ойлгохгүй болов уу. Британичууд АНУ-тай тогтоосон харилцаагаа хэзээнээсээ л онцгой хэмээн нэрлэсээр ирсэн билээ. Франклин Рузвельт, Уинстон Черчилль нарын хоолны ширээний ардах дүр зураг, Рональд Рейган, Маргарет Тэтчер нарын халуун дотно тэврэлт, барууны шинэ үеийн нүүр царай хэмээн хамтдаа нэрлэгдэх болсон Билл Клинтон, Тони Блэр нар гээд хоёр улстай холбоотой онцгой зүйл их бий. Британичууд энэ холбоог салшгүй бат бөх гэж 80 жил итгэжээ.

Гэвч яг одоо бол АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет нэгэн цагт сүр хүчтэй байсан Хааны тэнгисийн цэргийг шоолж, британичууд өөрсдөө ч зэвсэгт хүчин нь сулран доройтсоныг хүлээн зөвшөөрч буй цаг үе.

Он удаан жилийн түүхтэй онцгой харилцаа нь Их Британийн бүхэл бүтэн нэг үеийнхнийг АНУ-ын цэргийн хамгаалалт дор аюулгүй мэдрэмжтэй өсч торниход хүргэжээ. Их Британи 2016 онд Брекситээс гарсан нь ихээхэн шуугиан дагуулсан. Гэсэн ч тухайн үед британичууд Европ биднийг хамгаалахгүй, энэ үүргийг НАТО гүйцэтгэдэг гэж зоригтой дуугарч байжээ.

Үүнээс хойш 10 жил өнгөрлөө. НАТО өдгөө цоорч эвдэрсэн хөлөг онгоц мэт л ганхаж байна. Трамп өөрөө ч сүүлийн үед НАТО-г цаасан бар гэж егөөдөн нэрлэсэн. Энэ нь НАТО-ийн нэг гишүүнд халдвал бусдад нь ч бас халдсан гэсэн үг гэх эвслийн үндсэн зарчим алдагдсан мэт мэдрэмжийг төрүүлж буй юм. ОХУ хөрш улсдаа бүрэн хэмжээний дайн зарласнаас хойш энэ аюул улам л бодит болсон.

Үүний зэрэгцээ Трамп Иран дахь дайныг нь дэмжсэнгүй гэж НАТО-ийн холбоотнууддаа бухимдахдаа Их Британи руу онцгойлон уур хилэнгээ чиглүүлсэн билээ. Тэрбээр “Бид санаж явах болно. Ялсны дараа л нэгдэх хүмүүс бидэнд хэрэггүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Трамп Их Британийн ерөнхий сайдыг шүүмжилж буй хэдий ч хааны гэр бүлтэй харилцаагаа хадгалсан хэвээр. Тэрбээр анхны бүрэн эрхийн хугацаандаа хатан хаан II Элизабеттай уулзаж байсан бөгөөд түүнийг сайнаар дурсан ярьдаг. Эргэн засгийн эрхэнд гарсан хойноо ч тэр хаан III Чарльзыг хүндэтгэж буйгаа илэрхийлж, уулзахыг тэсэн ядан хүлээж байна гэсэн билээ.

Гэвч британичуудын зарим нь, ялангуяа популист зүүн жигүүрийнхэн энэ айлчлалыг цуцлах ёстой гэж уриалж байлаа. Трамп хаан III Чарльзын хүндэтгэлийг хүртэх эрхгүй гэж тэд мэтгэж байв.

Харамсалтай нь тэдний хүссэнээр болсонгүй. 77 настай, дэлхийн хамгийн асуудалтай гэр бүлийн гишүүн гэдгээс өөр онц гойд зүйлгүй хаан III Чарльз өдгөө хоёр улсын харилцааг эерүүлэх хүндхэн үүрэгтэйгээр АНУ-д айлчилж байна.

73 жилийн хүлээлтийн дараах сорилт

Эхлээд харахад, Трамп, хаан III Чарльз хоёрт нийтлэг зүйл юу ч үгүй мэт. Трамп ил шулуун яриатай, үл хөдлөх хөрөнгийн магнат хүн. Харин хаан III Чарльз бол хүйтэн хөндий маягийн англи язгууртан. Улс төрийн хувьд ч тэд тэс өөр. Хаан III Чарльз байгаль орчныг хамгаалах бодлогыг хэзээнээсээ дэмжсээр ирсэн боловч Трамп үүний яг эсрэг үзэл баримтлалтай. Хаан III Чарльз цагаачлалын хатуу бодлогыг эсэргүүцдэг, Трамп цагаачдыг олноор албадан гаргахдаа сийхгүй нэгэн.

Харин тэдний ижил төстэй тал гэвэл эрх мэдэлд хүрэх мөчийг удаан хугацаанд хүлээсэн хүмүүс гэдэг ойлголт юм. Мөн архитектурт дурлах сонирхол нь ч ижил. Магадгүй тэд Трампын Цагаан ордонд барьж буй шинэ үдэшлэгийн танхимын талаар ярилцаж ч мэднэ.

Нэг талаасаа Цагаан ордонд айлчлана гэдэг дэлхийн удирдагчдын хувьд сорилт болоод буй. Зууван танхимд орсон олон ч удирдагч ичгэвтэр, бухимдмаар, хөгжилтэй байдалд орсон. Харин Британийн хааны гэр бүлийн хувьд энэ нь байж боломгүй зүйл юм. Хаад, хатдын хувьд ичгүүрээс зайлсхийх нь хамгийн чухал.

Трамп 2018 онд хатан хааны урд алхсан нь багагүй шуугиан дэгдээж байв. Ингээд зогсохгүй хатан хааны мөрөн дээр гараа тавьж шүүмжлүүлсэн. Өөрөөр хэлбэл, жижигхэн үйлдлэл л том алдаа болно. Алдааны босго маш намхан байна.

Трамп гэтэл ийм босгыг баяртайгаар давдаг нэгэн. Японы ерөнхий сайдтай уулзахдаа сувдан эргийн халдлагын талаар зохимжгүй үг хэлсэн, Францын ерөнхийлөгчийн гэр бүлийн харилцааг шоолсон гээд Трампын “зүггүйтэл” даанч их. Түүний “зүггүйтэл”-д шүүлтүүр үгүй. Трамп хаан III Чарльзын өмнө ханхүү Харри эсвэл Эндрюгийн талаар хошигнохгүй байж чадах болов уу.

Хаан III Чарльз өөрөө ч алдаа гаргах магадлалтай. Тэр түргэн ууртай, дургүйцлээ ил гаргадаг нэгэн. “BBC”-ийн сэтгүүлчийг муулсан бичлэг нь одоо ч хүмүүсийн санаанаас гараагүй хэвээр болов уу.

Найдах зүйл гэвэл Трамп түүх, эрх мэдэл, хаант засаглалд дуртай. Тэр томчуудын дунд байж, хүндлэл хүртэхийг хүсдэг. Гадаад бодлогоо ч огцом өөрчлөх дуртай.

Хаан III Чарльз Трамптай ганцаарчлан уулзахдаа илүү дотно, гүнзгий яриа өрнүүлж магадгүй гэж британичууд найдаж байна. Тэр НАТО, Украин, байгаль орчны талаар Трамптай ярилцаж чадах болов уу. Энэ төрлийн яриа эрсдэлтэй ч сайн үр дүн дагуулж магадгүй. Трампыг аргагүй байдалд оруулж чадах хүн Их Британид хаан III Чарльзаас өөр үгүй учир түүнийг “биелэгдэшгүй даалгавар”-ыг биелүүлэх эсэхийг бүх дэлхий ажиж байна.

ЭХ СУРВАЛЖ: POLITICO

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн